“ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД АНХААРАХ АСУУДАЛ, УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ ЭРХ, ҮҮРЭГ” СЭДВИЙН ХҮРЭЭНД ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД АНХААРАХ АСУУДАЛ, УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ ЭРХ, ҮҮРЭГ” СЭДВИЙН ХҮРЭЭНД ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Булган аймгийн прокурорын газраас хяналтын харьяа зөрчил шалган шийдвэрлэх 21 байгууллагын эрх бүхий албан тушаалтан болон удирдах албан тушаалтнуудтай “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал, удирдах албан тушаалтны эрх, үүрэг” сэдвийн хүрээнд хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд аймгийн прокурорын газраас зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил, хяналт, шалгалтын явцад илэрч буй нийтлэг алдаа дутагдлыг танилцуулж, цаашид анхаарч ажиллах асуудлаар хамтарсан шийдвэрийг гарган, хэрэгжүүлж ажиллахаар болсон байна.

Тодруулбал, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн тохиолдолд эрхийг сэргээхэд удирдах албан тушаалтны үүрэг хариуцлагыг дээшлүүлэх; 

Эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн биелэлтийг хуульд заасан хугацаанд хангуулж, биелэгдээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан биелүүлэхээр шүүхэд хандаж шийдвэрлүүлж байх;  

Зөрчлийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учирсан тохиолдолд хохирол, нөхөн төлбөрийг барагдуулах, шаардлагатай тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлж байх гэсэн шийдвэрийг гаргажээ.

Мөн үеэр аймгийн прокурорын газраас зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудад “Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны эрх үүрэг, анхаарах асуудал” сэдвээр сургалт явуулж, хууль тогтоомжийн хэрэглээний асуудлаар арга зүйн зөвлөгөө өгсөн байна.