Налайх-Багахангай дүүргийн прокурорын газраас хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх зорилгоор тус дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэстэй хамтран зөвлөгөөн зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр хууль, тушаал журамд заасан чиг үүргийн хэрэгжилт, хүндрэл бэрхшээлийн талаар ярилцаж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэрэгжүүлэх жагсаалтад заасан 20 гаруй байгууллагын удирдлагуудаас гаргасан ялтнуудыг ажиллуулах нийтийн ашиг сонирхолд тустай ажлын саналыг хэлэлцсэн байна.
Дээрх саналын мөрөөр ялтныг ажиллуулах байгууллагыг тэдгээрийн хувийн байдал, үйлдсэн хэргийн онцлогт тохируулан шүүхийн шийдвэрт тусгайлан заах боломжтой эсэх асуудлыг судалж шийдвэрлэх, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ял эдлүүлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг төрийн байгууллагуудын хуульд заасан чиг үүргийн хэрэгжилтийг хангуулахад анхаарч, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зэрэг ажлыг зохион байгуулж, үр дүнг тооцох шийдвэр гарсан байна.
Мөн зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг даргаас хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтнуудыг ажиллах хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба