ПРОКУРОРУУД “НЭЭЛТТЭЙ ДЭЛХИЙ” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДЛАА

A- A A+
ПРОКУРОРУУД “НЭЭЛТТЭЙ ДЭЛХИЙ”   ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДЛАА

Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, АНУ-ын Конгрессын дэргэдэх Олон Улсын Манлайллын төвийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Улс, аймаг, Нийслэл, дүүргийн прокурорын газрын 10 прокурор Америкийн Нэгдсэн Улсад зохион байгуулагдсан "Нээлттэй дэлхий" хөтөлбөрт хамрагдлаа.

АНУ-ын Конгрессын дэргэдэх "Олон Улсын Манлайллын төв” нь Нээлттэй дэлхий хөтөлбөрийг 1999  оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тус улсын Засгийн газраас санхүүждэг, олон улсын төрийн албан хаагчдыг харилцан танилцуулах, туршлага судлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлж буй байгууллага юм.

Энэ удаагийн хөтөлбөр АНУ-ын Вашингтон, Ди Си /Washington, DC/, Чикаго /Сhicago, IL/, Дархэм /Durham, NH/ хотуудад зохион байгуулагдаж, тус улсын эрх зүйн системийн онцлог, холбооны болон мужийн шүүх, прокурорын газруудын үйл ажиллагаатай танилцсан байна.

Тодруулбал, АНУ-ын Вашингтон, Ди Си /Washington, DC/ хотод зохион байгуулагдсан танилцуулах семинарт Молдав, Серби Улсын прокуроруудын хамт оролцож, АНУ-ын эрх зүйн систем, шүүхийн тогтолцоо, улсын өмгөөлөгч, Хилийн чанад дахь Прокурорын хөгжил, туслалцаа, сургалтын албаны (OPDAT) чиг үүргийн талаар мэдээлэл авч, тус албаны орлогч захирал Жорж Хабер /George Huber/-тай мөрдөгч, прокуроруудыг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллах санал ярилцжээ.

Чикаго /Сhicago, IL/ хот дахь хөтөлбөрийн хүрээнд Хаммонд /Hammond, IN/ хотын ерөнхий прокурор, хэлтсийн дарга нартай уулзаж, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэрхэн явагддаг талаар болон цахим хавтаст хэргийг бий болгосон туршлагыг судалсан байна. Мөн тус хотын 18 дугаар тойргийн шүүх,  прокурорын газарт зочилж, хурлын танхим, урьдчилан хорих, баривчлах байрны үйл ажиллагаатай танилцжээ.

Харин Дархэм /Durham, NH/ хотод баг муж, дүүргийн шүүх, прокурор, хорих анги, Улсын өмгөөллийн газруудаар зочилж, Нью Хэмпшир /New Hapshire/ муж дахь хууль зүйн яам буюу ерөнхий прокурорын газрын Эрүү, иргэний хэлтсийн дарга, мужийн Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хамтарсан ажлын хэсгийн Холбооны прокурор,   Стаффорд /Stafford/ дүүргийн ерөнхий прокурор, Мэн /Maine/ муж дахь тойргийн прокурорыг хариуцсан Холбооны прокурор, Массачусетс /Massachusetts/ мужийн Улсын өмгөөллийн газрын хэлтсийн дарга, мужийн Шерифийн алба буюу хорих ангийн (jail) дарга зэрэг албан тушаалтнуудтай уулзсан байна.

Уулзалтын хүрээнд прокурорын газруудын эрүүгийн хэргийн оролцогч нарын гомдол, хүсэлтийг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт, хохирогчид туслах нэгжийн үйл ажиллагаа, эрүүгийн гэмт хэргийг нийтэд мэдээлэх журмын талаарх туршлагыг судалжээ.