ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ ЗӨРЧИГДӨХӨӨС ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР 87 ШАЛГАЛТ ХИЙВ

A- A A+
ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ ЗӨРЧИГДӨХӨӨС ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР 87 ШАЛГАЛТ ХИЙВ

Прокурор 2023 оны 3 дугаар сард ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх болон цагдан хорих, баривчлах, саатуулах шийдвэрийг биелүүлэх ажиллагаатай 527 удаа танилцаж, 87 шалгалт, 41 судалгаа хийлээ.

Хяналтын ажлын явцад холбогдох хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 200 гаруй зөрчил илрүүлэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 30 шаардлага бичиж, арилгуулах арга хэмжээ авав.

Мөн ял эдлүүлэх ажиллагааны явцад хуулиар олгогдсон эрх нь зөрчигдөж байсан 7 хүний эрхийг сэргээх арга хэмжээ авсан байна. Тодруулбал, эрх бүхий албан тушаалтны тогтоол шийдвэргүй, хугацаа хэтрүүлэн саатуулсан 4 хүнийг суллаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солиулах тухай шийдвэр гүйцэтгэгчээс гаргасан 2 саналыг үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгож ялтны эрхийг хангасан бол нэг бүрийн тусгай хэрэгсэл буюу гавыг хууль бусаар хэрэглэсэн 1 тохиолдлыг таслан зогсоож, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулжээ.

Дээрх хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ял солиулах, ялтны зорчих бүсийг өөрчлөх, хугацааны өмнө суллах зэрэг асуудлаар гаргасан 330 санал ирүүлснийг прокурор хянаж, хуульд заасан шаардлага хангаагүй 68 саналыг буцаан, шаардлага хангасан бусад саналд дүгнэлт бичин шүүхээр шийдвэрлүүсэн байна.

Тухайлбал, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй 21, нийтэд тустай ажил хийлгэх ялыг гүйцэтгээгүй 22, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэхээс зайлсхийсэн 27 иргэний ялыг хорих ялаар солиулж, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын тодорхой хувийг эдэлсэн 78 хоригдлыг хугацааны өмнө сулласан байна.