Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Цагдаагийн газар, хэлтсүүдтэй хамтарсан зөвлөгөөн хийлээ.
Зөвлөгөөнөөр мөрдөн шалгах ажиллагааны чанарыг дээшлүүлэх, уг ажиллагаанд тулгамдаж буй асуудал, алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах талаар хэлэлцсэн байна.
Хэлэлцсэн асуудлын хүрээнд мөрдөн шалгах тодорхой ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх, практикт суурилсан сургалтыг тогтмол явуулах зэрэг шийдвэрийг гаргажээ.
Мөн гэмт хэрэгт холбогдсон хүнийг гэрчээр дуудан мэдүүлэг авдаг байдлыг таслан зогсоох, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хангах, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй “Шувуу ажиллагаа”-ны явцад гадаад улс руу оргон зайлсан, тус дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа хүмүүсийг олон улсын гэрээ, хууль тогтоомжид заасны дагуу эргүүлэн авчрах, хариуцлага хүлээлгэх ажиллагааг явуулахыг нийт оролцогч нарт үүрэг болгосон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба