ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААРХ ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕТЭЙ ХАРЬЦУУЛАХАД 5.6 ХУВИАР ӨСЖЭЭ

A- A A+
ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААРХ ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕТЭЙ ХАРЬЦУУЛАХАД 5.6 ХУВИАР ӨСЖЭЭ

Прокурор 2023 оны I улирлын байдлаар гэмт хэргийн талаарх 33.172 гомдол, мэдээлэлд хяналт тавьж, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 9165 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, гэмт хэрэг үйлдсэн хүн нь тодорхой 3689 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж шалгуулсан байна.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн 77.8 хувь нь Нийслэлд, 22.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.6 хувиар өсжээ.

  • Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ 6 хувиар буурав.

Прокурор хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 37.707, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 8567 хэрэгт хяналт тавьж, 4481 буюу 52.3 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалсан байна. 

Гэмт хэрэг үйлдэж яллагдагчаар татагдсан нийт 6450 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авсаны 630 буюу 9.8 хувьд Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох, 552 буюу 8.6 хувьд цагдан хорих, 5268 буюу 81.6 хувьд бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тохиолдол 6 хувиар буурсан.

  • Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор 452.2 тэрбум төрөгийн эд хөрөнгийг битүүмжлэв.

Зөрчигдсөн эрхийг хамгаалах, хохирол нөхөн төлүүлэх, торгох болон эд хөрөнгө хураах ялын биелэлтийг хангуулах зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын зөвшөөрлөөр 223.7 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 452.2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилсэн байна.

Прокурор төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан 262 хэргийг хянан шийдвэрлэснээс 222.7 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч ажиллалаа.

  • Прокурорын шаардлагын мөрөөр зөрчил гаргасан 19 албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авсан байна.  

Прокурор мөрдөн шалгах ажиллагааны явцад хуулийг нэг мөр хэрэгжүүлж, хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх, зөрчигдсөн эрхийг сэргээх талаар мөрдөх байгууллагуудад нийт 36 шаардлага бичиж хүргүүлжээ. Прокурорын шаардлагын мөрөөр зөрчил гаргасан 19 албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авсан байна.

  • Хэрэг бүртгэлт явуулсан нийт хэргийн дийлэнх нь Хулгайлах, Залилах гэмт хэрэг байна.

Прокуророос 2023 оны I улиралд хяналт тавьсан хэрэг бүртгэлтийн нийт хэргийн дийлэнх нь Хулгайлах, Залилах гэмт хэрэг байна. Тодруулбал,

Хулгайлах гэмт хэрэг 11.981 буюу 31.8 хувь;

Залилах гэмт хэрэг 10.485 буюу 17.3 хувь;

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг 3293 буюу 8.7 хувь;

Мал хулгайлах гэмт хэрэг 1428 буюу 3.8 хувь;

Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг 1276 буюу 3.4 хувь;

Завших гэмт хэрэг 916 буюу 2.4 хувь;

Дээрэмдэх гэмт хэрэг 835 буюу 2.2 хувь;

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 669 буюу 1.8 хувьтай байна.

  • Авлигын гэмт хэрэг Нийслэлд болон Сэлэнгэ, Баян-Өлгий аймагт хамгийн их бүртгэгджээ.

Улсын хэмжээнд 2023 оны I улиралд бүртгэгдсэн авлига, албан тушаалын 1004 хэрэгт прокурор хяналт тавьж ажилласан нь өмнөх оны мөн үеэс 33 хувиар өссөн байна. Үүнээс яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэрэг 65 байна.

Авлигын гэмт хэргийн 65 хувь нь Нийслэлд, 35 хувь нь орон нутагт үйлдэгдсэн бол орон нутгаас Сэлэнгэ, Баян-Өлгий аймагт хамгийн их бүртгэгджээ. 

Авлигын гэмт хэргийн улмаас 3,6 их наяд төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад 234,9 тэрбум төгрөгийн эд хөрөнгө битүүмжилж, 9 тэрбум төгрөгийн эд хөрөнгө хураан авч, 2,2 их наяд төгрөгийн хохирол нөхөн төлүүлсэн байна.

  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт 18-30 насныхан ихэвчлэн холбогдож байна.

Прокурор 2023 оны I улирлын байдлаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 179 хэрэгт хяналт тавьж, 64 яллагдагчид холбогдох 50 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүллээ.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдсон 112 хүний 0.9 хувь нь 45-аас дээш, 1.8 хувь нь 17 хүртэл, 21.4 хувь нь 31-44 насныхан байгаа бол 75.9 хувь нь 18-30 насны хүмүүс байна. Энэ төрлийн хэрэгт холбогдогчдын 75.9 хувь нь эрэгтэй, 76.7 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байна.

  • Эрүүл мэндийн болон бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, мөн Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хүүхдүүд их өртөж байна.

Прокуророос 2023 оны I улиралд хүүхэд хохирсон 1417 хэрэгт хяналт тавьж, 242 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Үүнээс 1046 буюу 73.8 хувь нь Нийслэлд, 370 буюу 26.2 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байна.

Гэмт хэргийн улмаас хохирогчоор тогтоогдсон 1457 хүүхдийн 4.7 хувь нь 8 хүртэлх, 27.8 хувь нь 8-13, 67.5 хувь нь 14-17 насны хүүхдүүд байгаа бол  эрэгтэй 708, эмэгтэй 749 хүүхэд байна.