Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас тус сумын Цагдаагийн хэлтэстэй зөвлөгөөн зохион байгуулж, хариуцсан сумдын нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй эрүүгийн хэргийн нөхцөл байдал, хэргийн шийдвэрлэлтийн талаар хэлэлцжээ.
Зөвлөгөөнөөр мөрдөн шалгах ажиллагааны явцад гарч байгаа анхаарах асуудлуудыг хэлэлцэж, мөрдөгч сэжигтэн, яллагдагчаас хууль зөрчин гэрчийн мэдүүлэг авах, мэдүүлгийг өөрийнх нь эсрэг ашиглаж, хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх талаар анхааруулж, нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж байх үүрэг чиглэлийг өгсөн байна.
Цаашид зарим төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг хамтран хийж гүйцэтгэх, мөрдөгч нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн практик сургалтуудыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба