Зөрчлийн талаарх гомдол мэдээлэл, зөрчлийн хэргийн хяналт, шийдвэрлэлт, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мэдээллийг төвлөрүүлэх “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-гийн туршилт, судалгааны ажлыг хийж гүйцэтгэх ажлын хэсэг прокурорын байгууллагын дэргэд байгуулагдаж, 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Чингэлтэй дүүргийн прокурорын газар, тус дүүрэг дэх Цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтсийн хэмжээнд туршилтын ажлыг эхлүүлээд байна.
Прокурорын байгууллага, Хууль зүй, дотоод хэргийн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Цагдаагийн байгууллага, “Ай Ти Зоне” ХХК-ийн бүрэлдэхүүнтэй тус ажлын хэсэг туршилтын явцад нэгдсэн санг бусад бүртгэлийн системүүдтэй холбох, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл, зөрчлийн хэргийн хөдөлгөөнийг бүртгэх, үүнтэй холбоотойгоор системийн алдааг засаж, сайжруулах зэрэг хөгжүүлэлтийн ажлыг хийх юм.
“Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-д зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 60 гаруй байгууллага, албан тушаалтан холбогдох ажээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба