УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛ ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН СҮЛЖЭЭ /SEAJUST/-НИЙ НЭГДСЭН ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО

A- A A+
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛ ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН СҮЛЖЭЭ  /SEAJUST/-НИЙ НЭГДСЭН ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО

Улсын ерөнхий прокурорын газрын төлөөлөл 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 28-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо зохион байгуулагдсан Зүүн Өмнөд Азийн хуулийн байгууллагуудын сүлжээ /SEAJust/-ний хоёрдугаар Нэгдсэн хуралдаанд амжилттай оролцлоо.


Тус байгууллага нь Зүүн Өмнөд Азийн хуулийн байгууллагууд, ялангуяа эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх эрх бүхий төв байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны дэмжлэгтэйгээр 2020 оны 3 дугаар сард байгуулагдсан албан бус сүлжээ юм.


 

Энэ удаагийн нэгдсэн хуралдааныг Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын дараа анх удаа биечлэн оролцох байдлаар зохион байгуулж, нийт 15 улс орны 100 орчим төлөөлөгчид чуулав.

/“SEAJust network”-ийн нэгдсэн хуралдааныг нээж БНСУ-ын Хууль зүйн сайд, ноён Хан Донг Хүн үг хэлэв./

Тухайлбал, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны бүс нутгийн асуудал хариуцсан экспертүүд, тус сүлжээний гишүүн бус БНХАУ, Япон, АНУ, Монгол Улсын эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх эрх бүхий төв байгууллагын төлөөлөгчид болон бүс нутгийн асуудал хариуцсан Европын хуулийн байгууллагуудын сүлжээ /European Judicial Network/, Төв Ази, Өмнөд Кавказын хуулийн байгууллагуудын сүлжээ /CASC/, Хөрөнгө буцаах талаар мэдээлэл солилцох Ази-Номхон далайн орнуудын сүлжээ /ARIN-AP/ байгууллага зэрэг өргөн хүрээний төлөөлөл оролцлоо.

Нэгдсэн хуралдааны үеэр “Дижитал хөрөнгийг хураан авах ба олон улсын хамтын ажиллагаа”, “Хулгайлагдсан хөрөнгийг буцаан авах ажиллагаа ба олон улсын хамтын ажиллагаа”, “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шилжүүлэн авах ажиллагаа” сэдэвт салбар хуралдаанууд зохион байгуулагдаж, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх асуудал хариуцсан эрх бүхий төв байгууллагуудын хамтын ажиллагааг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг

шийдвэрлэх арга зам, гишүүн орнуудын цаашдын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Австрали, Румын, Бразил, БНСУ, Тайланд, Вьетнам, Хонгконг, Монгол зэрэг улс орнуудын сайн туршлагыг хуваалцаж, харилцан мэдээлэл солилцсон.

Монголын талаас прокурорын байгууллагын төлөөлөгч “Хулгайлагдсан хөрөнгийг буцаан авах ажиллагаа ба олон улсын хамтын ажиллагаа” сэдэвт салбар хуралдаанд илтгэл тавьж хэлэлцүүлэн, оролцогчдоос гаргасан санал, дүгнэлтийг Нэгдсэн хуралдаанд танилцууллаа. 

Салбар хуралдаанаар улс орнуудын эрх зүйн уламжлал, тогтолцооны ялгаатай байдал, хууль эрх зүйн боловсронгуй бус орчин, гадаад хэлний орчуулгын асуудал, харилцан үл итгэлцэл болон хүсэлтийг хүлээн авагч орны хуулиар тавигдах шаардлага, зарчмын талаарх ойлголт, мэдээлэл бага зэрэг нь гол хүндрэл бэрхшээл болж байгааг онцлон тэмдэглэсэн.

Тиймээс эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх эрх бүхий төв байгууллагын хүчин чадал, хамтын ажиллагааны шуурхай байдал, албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулж мэргэшүүлэх, боловсон хүчний нөөц, чадавхыг бэхжүүлэхээс гадна орчин үеийн техник, технологийн ололтыг үйл ажиллагаандаа ашиглах замаар өдөр тутам, идэвхтэй, шуурхай харилцдаг байх нь чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдэв.  


Одоогоор тус сүлжээнд Бруней Даруссалам, Камбож, Малайз, Мальдив, Мьянмар, Сингапур, Филиппин, Тайланд, Вьетнам, Лаос, Зүүн Тимор, Индонез зэрэг гишүүн улс орнуудаас гадна бусад бүс нутгийн буюу Румын, БНСУ гишүүнчлэлтэй болж нийт 15 орон нэгдээд байна.


 

Мөн нэгдсэн хуралдаанаар АНУ болон Монгол Улсын эрх бүхий байгууллагыг тус сүлжээ байгууллагын гишүүнээр элсэх хүсэлтийг хүлээн авч, 2023 оны зургаан сард нийт гишүүн орнуудын төлөөллийг оролцуулан хэлэлцэхээр шийдвэрлэлээ.