ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХИЛИЙН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧИД ПРОКУРОРЫН МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЖЭЭ

A- A A+
ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХИЛИЙН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧИД ПРОКУРОРЫН МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЖЭЭ

Прокурорын байгууллага 2023 оны 5 дугаар сарын 08-наас 12-ны өдрүүдэд мөрдөгч, эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 418 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 4 шаардлага хүргүүллээ.

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 5 мэдэгдэл бичсэн байна. Тухайлбал:

- Нийслэлийн прокурорын газраас Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн алба хаагчид нүүрс ачсан 23 тээврийн хэрэгслийг Улсын хилээр нэвтрүүлэх бүртгэл хийлгүй нэвтрүүлж, хахууль авсан хэрэгт холбогдуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтыг алба хаагчдад явуулах, удирдах албан тушаалтнуудын хяналтыг сайжруулах талаар арга хэмжээ авах талаар Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн Командлагчид;

- Иргэн Ц.Б нь хорооны өрхийн эмчийг хуурч “морфин” гэх мансууруулах бодисын агууламжтай эмийн жор бичүүлж авсан гэх хэрэгт холбогдуулан цаашид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эмч сувилагч нарт сургалт, мэдээлэл өгөх зэрэг арга хэмжээ авч ажиллахыг Чингэлтэй дүүргийн хорооны өрхийн эмнэлгүүдэд,

- Баянгол дүүргийн прокурорын газраас иргэн Ч.З нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироосон гэх хэрэгт холбогдуулан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг иргэдэд сурталчлах, яриа таниулгыг тус прокурорын газартай хамтран үе шаттайгаар зохион байгуулах талаар Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргад тус тус мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна.

Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.

Дээрх хугацаанд Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Корпрейт хотел энд ресорт нүхт" ХХК нь тус дүүргийн прокурорын газраас хүргүүлсэн мэдэгдлийн дагуу тодорхой арга хэмжээ авч, хариуг хугацаанд нь өгөх үүргээ биелүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 1 сая төгрөгөөр торгуулсан байна.

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ хууль

30 дугаар зүйл.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хуулийн этгээдийн нийтлэг үүрэг

30.2.Гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгах, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх талаар энэ хуулийн 13.1.4-т зааснаас бусад этгээдийн мэдэгдэл, зөвлөмж, шаардлагыг хүлээн авсан хуулийн этгээд түүний дагуу тодорхой арга хэмжээг авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй.

https://legalinfo.mn/mn/detail?lawId=14700

https://legalinfo.mn/mn/detail?lawId=12695