Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт судалгааны хүрээлэн, Дотоод хэргийн их сургууль хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслолын арга хэмжээ 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр боллоо.
Санамж бичиг байгуулах арга хэмжээнд Улсын ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан, Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх М.Чинбат, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөлийн гишүүд, Дотоод хэргийн их сургуулийн захирал, хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Энэхүү санамж бичгийг байгуулснаар талууд эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилт, гэмт явдлын шалтгаан, нөхцөлийг судлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх, сургалт явуулах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний хурал, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулах, ном, гарын авлага гаргах зэргээр хамтран ажиллах боломж бүрдэж байгаа юм.
Мөн арга хэмжээний үеэр прокурор, ажилтнуудыг сургаж чадавхжуулах, тэдний эрдмийн болон боловсролын зэргийг ахиулах, эрх зүйн чиглэлээр суралцаж буй оюутан, сонсогчдод хууль хэрэглээний дадлага, чадвар эзэмшүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, тогтмолжуулах талаар харилцан санал солилцож, хэрэгжүүлж ажиллахаар боллоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба