“МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГ: ОНОЛ, ПРАКТИКИЙН АСУУДАЛ” СЭДЭВТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГҮҮД ШАЛГАРЛАА

A- A A+
“МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГ: ОНОЛ, ПРАКТИКИЙН АСУУДАЛ” СЭДЭВТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГҮҮД ШАЛГАРЛАА

Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн Монголын Хуульчдын холбоотой хамтран “Мөнгө угаах гэмт хэрэг: онол, практикийн асуудал” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулж, дүнгээ гаргалаа.

Мөнгө угаах гэмт хэргийн талаарх ойлголт, чиг хандлагыг оюутан сурагчдад хүргэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх сонирхлыг нь дэмжих, илтгэх ур чадвар, арга барилыг төлөвшүүлэх, холбогдох байгууллагуудад санал, санаачилгыг нь уламжлах зорилготой тус уралдаанд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Дотоод хэргийн их сургууль, Санхүү, эдийн засгийн их сургууль болон Шихихутуг, Их засаг, Отгонтэнгэр, Орхон, Олон Улсын Улаанбаатар зэрэг их дээд сургуулийн оюутан, сурагчдаас нийт 47 илтгэл ирүүлснээс хоёрдугаар шатанд 10 илтгэл шалгарч, хэлэлцүүллээ.

Хэлэлцүүлсэн илтгэлүүдээс МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнуудын илтгэлүүд шилдгээр шалгарав. Тодруулбал, тэргүүн байранд Х.Мичидмаа, П.Анарзаяа, дэд байранд М.Амина, Г.Мягмарцэрэн, гуравдугаар байранд Б.Майцэцэг нарын илтгэл шалгарсан бол тусгай байранд мөн сургуулийн оюутан Б.Ариунзаяа, Санхүү, эдийн засгийн их сургуулийн оюутан Б.Марал, Т.Дүүрэнзаяа нарын илтгэл тус тус шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Энэхүү эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар болсон байна.