АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН 9 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЭН ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

A- A A+
АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН 9 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЭН ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 5 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 43.186, мөрдөн байцаалтын 3709 хэрэгт хяналт тавьж ажиллав.

Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 144, Өмчлөх эрхийн эсрэг 74, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 10, Авлига, албан тушаалын 9, Мөнгө угаах 8, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг, Хүний амьд явах эрхийн эсрэг болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах тус бүр 7, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Худал мэдээлэл тараах, Мөрийтэй тоглоом зохион байгуулах, Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх, Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах, Нотлох баримт хуурамчаар үйлдэх тус бүр 1, нийт 280 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ч.Ч нь тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.О, кадастр  хариуцсан ахлах мэргэжилтэн У.Б нартай нэгдэж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, холбогдох хууль тогтоомжийг зөрчиж нэр бүхий иргэдэд газар эзэмших эрх олгох замаар давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Увс аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны хүүхэд;
  • Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр, нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчаар ажиллаж байсан А.М, худалдан авалт хариуцсан ажилтнаар ажиллаж байсан Б.Ц нар нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажилласан компанийн ерөнхий захирал ажилтай Д.Э-ээс хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1, 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5  дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Б нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн  тулд үргэлжилсэн үйлдлээр бусдаас хахууль авсан, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/,  18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Өмнөговь аймгийн прокурорын газраас Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан Ж.А нь холбогдох хууль тогтоомж, журмыг зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Хугацаат цэрэг ажиллуулах тухай" гэрээг бусадтай байгуулан тушаал гаргаж, тоосгоны үйлдвэрийн ажилд цэргийн алба хаагчдыг томилон ажиллуулж хийх ёсгүй үйлдлийг хийн, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ -д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.