НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХОХИРОГЧИЙН СЭТГЭЦЭД УЧИРСАН ХОР УРШГИЙГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА

A- A A+
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХОХИРОГЧИЙН СЭТГЭЦЭД УЧИРСАН ХОР УРШГИЙГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА

Дорноговь аймгийн прокурорын газраас орон нутгийн хэмжээнд анхаарал татаж буй Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас бага насны болон насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг, сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөгдсөн байдлыг 2022, 2023 оны эхний 5 сарын байдлаар судалж, холбогдох арга хэмжээг авчээ.

Дээрх хугацаанд тус аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн дээрх төрлийн 14 хэргийг шүүхээс хянан хэлэлцээд, 1 хохирогчийн сэтгэл санааны хохирлыг мөнгөн хэлбэрээр тооцон гэм буруутай хүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн бол 4 хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байна. Харин бусад хохирогч нарын хувьд сэтгэл санааны хохиролтой холбоотой нэхэмжлэл гаргаагүй тул шүүхийн шийдвэрт энэ талаар тусгагдаагүй байна.

Дорноговь аймгийн хэмжээнд ажиллаж байгаа сэтгэл зүйчийн орон тоо хангалтгүй, сэтгэл заслын эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллага байхгүй зэргээс шалтгаалан бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн сэтгэл санаанд учирсан хор хохирол арилахгүй үлдэх, нөгөө талаар энэ чиглэлээр ажиллаж байгаа албан тушаалтнуудын мэдлэг, мэдээлэл хангалтгүй байгаагаас шалтгаалан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “зөрчигдсөн эрхийг сэргээх” зорилт хангагдахгүй байна гэж судалгааны дүнгээс үзжээ.

Тиймээс аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгийн сэтгэл зүйч нарын багаар прокурор, мөрдөгч, өмгөөлөгч, ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүдэд “Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн сэтгэл зүйн онцлог, хор уршиг, сэтгэл заслын эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх” сэдвээр сургалт зохион байгуулж, сэтгэл санааны хохирол, хор уршгийг тогтоох эхлэлийг тавьсан байна.