Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Дотоод хэргийн их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо, Монгол Улсын Боловсролын их сургуулийн Боловсрол судлалын сургууль, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс хамтран “Хууль зүйн боловсролын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
Тус хуралд нийт 57 илтгэл ирүүлснээс шилдэг 9 илтгэлийг шалгаруулж хэлэлцүүлсэн юм. Шилдэг илтгэлийн нэгээр шалгарсан Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн судлаач, прокурор, хууль зүйн ухааны доктор (Ph.D) Б.Өнөрмаагийн хэлэлцүүлсэн “Хуульчийн эрх зүйн байдал ба боловсролын шинэчлэл” илтгэлийг толилуулж байна.
/Вордоор татах бол энд дарна уу/
ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ БА БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ
УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн судлаач, прокурор, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа
Хураангуй:
Товчлол: Боловсрол бол 21-р зууны гол сорилтуудын нэг юм. Эдгээрийг эзэмшихийн тулд бид суралцах мөн бусдад мэдлэг олгох талаарх өргөтгөсөн ойлголтыг хөгжүүлэх хэрэгтэй. Учир нь дэлхий улам бүр нарийн төвөгтэй, динамик болж байна. Мэдээллийн урсгал нэмэгдсээр буй даяаршсан өнөөгийн ертөнцөд оршин тогтнох чадвартай байхын тулд зөвхөн шинэ мэдлэгийн агуулгыг сурахаас гадна өөрсдөдөө болон дэлхийд хандах шинэ хандлагыг төлөвшүүлэх хэрэгтэй. Энэ бол чанарын үсрэлт, бидний хэтийн төлөвийг өөрчлөх тухай юм. Бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон нарийн төвөгтэй, тодорхойгүй нөхцөл байдал нь суралцах өндөр уян хатан байдал, эрсдэл хүлээх зориг, шинэ туршлага, өөрчлөлтөд бэлэн байх, хувийн санаачилга, хариуцлага, бүтээлч байдал, шийдэмгий байдал, нийгмийн өндөр түвшний ухамсарыг шаарддаг.
Түлхүүр үгс: эрх зүйн суурь боловсрол, мэргэжлийн боловсрол, хууль хэрэглээний нэгдмэл байдал, мэргэшүүлэх сургалт, эрх зүйн боловсролын шинэтгэл, сургалтын нэгдсэн бодлого
УДИРТГАЛ
Европын Комиссын ерөнхийлөгч асан Жак Делорс ЮНЕСКО-д “Боловсролын дөрвөн тулгуур” судалгааны тайлангаа хэлэлцүүлэхдээ 21 дүгээр зууны боловсролын 4 тулгуур багана бол мэдэхийн тулд суралц, хийхийн тулд суралц, амьдрахын тулд суралц, оршин байхын тулд суралц гэж дүгнэсэн байдаг[1].
Тэгвэл энэ 4 багана манай улсын эрх зүйн боловсролд буюу оюутныг хөгжүүлэхэд тусгалаа олж чадсан уу, ирээдүйн чадварлаг хуульчийг бэлтгэхэд одоогийн эрх зүйн сургалтын хөтөлбөр хангалттай юу гэсэн асуултад энэхүү нийтлэлээр хариулахыг эрмэлзлээ.
Эрх зүйч нарт олгох боловсролын бодлого, эрх зүйн орчин
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар "хуульч" гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээдийг хэлнэ. Тэгвэл эрх зүйч гэж хэнийг ойлгох вэ?
Дээрх хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан “Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн” хуульчийн шалгалтад орж болно гэсэн агуулгаас харахад эрх зүйч гэж
1. Хууль зүйн сургууль төгссөн байна
2. Тухайн сургууль нь Хуульчдын холбоонос магадлан итгэмжлэгдсэн байна
3. 2-оос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн байна
4. Дээрх шалгуурыг хангасан Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн байна гэж ойлгогдож байна.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан “Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургууль” Монгол улсад өнөөдрийг хүртэл нэг ч байхгүй бөгөөд Боловсролын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан “Боловсролын магадлан итгэмжлэлийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон, ашгийн төлөө бус байгууллага хэрэгжүүлэх бөгөөд тус байгууллага нь үйл ажиллагааныхаа үр дүнг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнана” гэсэн заалт өнөөдрийг хүртэл нэг ч удаа хэрэгжээгүй байна.
Боловсролын магадлан итгэмжлэл нь боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн чанарт хараат бус үнэлгээ хийж, ахиц дэвшлийг дэмжин, мэргэжлийн хүрээнд хүлээн зөвшөөрөх ажиллагаа гэж хуульд тодрхойлсон хэдий ч мэргэшсэн хуульч, эрдэмтдийн оролцоотой магадлан итгэмжлэх үйл ажиллагаа хэрэгжихгүй байгаагийн улмаас Монгол улсад дээд боловсролын үйл ажиллагаа явуулдаг 68[2] их, дээд сургуулиас эрх зүйн боловсрол олгодог сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд хөндлөнгийн дүгнэлт хийж чадахгүй байна. Дээрх их дээд сургуульд Бизнес, удирдахуй, хууль, эрх зүйн чиглэлээр 2022 оны байдлаар 41008 оюутан суралцаж байгаа талаар салбарын статистик мэдээлэлд дурьджээ[3].
Эрх зүйн боловсрол олгоход тулгамдаж буй асуудал
1. Сургалтын хөтөлбөрийн нэгдсэн бодлого дутагдаж байна.
Хуульч болохоор эрмэлзэж байгаа эрх зүй судалж буй оюутнуудад зориулсан сургалтын хөтөлбөр нь нэгдсэн бодлого байхгүйн улмаас хууль хэрэглээний талаарх сургалтууд болон “Хуулийн төслийн үзэл баримтлал”, “Хуулийн тайлбар” гэсэн агуулга бүхий сургалтуудыг багш бүр өөрийн арга барил, сургаалиар зааж байгаа нь ирээдүйд хууль зүйн дүгнэлт хийх ур чавдар бүхий хуульч бэлтгэх бодлого тэр бүр хэрэгжихгүй байна. Иймд сургалтын тулгын гурван чулуу буюу “Онолын ур чадвар, практик ур чадвар, Хууль эрх зүйн техникийн ур чадвар” нь нэгдсэн бодлого, нэг зорилгод тулгуурласан байх. Хуулийг нэг мөр ойлгон хэрэглэх сургалт нь эрх зүйн боловсрол олгож буй бүх сургуульд нэгдсэн нэг хөтөлбөрийн дор зохион байгуулагддаг байх.
2. Мэтгэлцэх ур чадварын сургалт хангалтгүй байна.
Их дээд сургуулиуд гадагшаа болон дотогшоо чиглэсэн мэтгэлцээний тэмцээн зохион байгуулдаг хэдий ч энэ нь идэвхитэй цөөн тооны оюутныг хамарч байгаа бөгөөд дадлага хийж буй эсхүл дөнгөж төгссөн оюутнуудад нийтлэг ажиглагддаг сул тал нь өөрийгөө илэрхийлэх болон мэтгэлцэх ур чадвар хангалтгүй байна. Энэ нь хууль эрх зүйн сэтгэлгээний суурь тавих сургалт хангалтгүйг харуулж байна. Хэл шинжлэлийн илэрхийлэлгүйгээр хуулийг арга зүйн хувьд авч үзэх боломжгүй юм. Гэрээ, хэм хэмжээний төслийг боловсруулах, хэм хэмжээний цогцолбор, тогтолцоонд дүн шинжилгээ хийх, хууль эрх зүйн бодит байдлыг шинжлэх ухааны үүднээс судлах үүнийгээ тайлбарлаж сурах нь хуульчийн заавал эзэмшвэл зохих ур чадвар юм.
3. Арга зүй буюу хууль хэрэглээний сургалт хангалтгүй байна.
Их дээд сургуулийн сургалтын ойролцоогоор 80 гаруй хувь нь лекц байдаг бөгөөд энэ нь мэдлэг олгох, сэтгэн бодоход суралцах хамгийн тохиромжтой хэлбэр мөн боловч лекц нь сэтгэлгээг орлохгүй юм. Хуульч хүн онол, арга зүйн хувьд үндэслэлтэй ажиллах чадварыг эзэмшсэн "хууль дээдлэх зарчимыг удирдлага болгон хүний эрхийг хамгаалагч болохын хувьд хууль хэрэглээний талаар өргөн мэдлэгэй байх ёстой. Иймд сургалтын нэг хэсэг болох дадлагад илүү их ач холбогдол өгснөөр практик туршлага болон материаллаг эрх зүйн онолын үндэс хоорондын уялдаа холбоог тогтоох, тайлбарлах чухал ач холбогдолтой юм. Энэ нь практикт уян хатан, олон талаас эргэцүүлэн дүгнэх чадвар бүхий хуульч бэлтгэх боломжийг олгодог. Иймд дадлага хийлгэх сургалтыг шинэ түвшинд гаргах шаардлага бий болж байна. Эрх зүйн мэдлэгээс гадна арга зүйн чадамж /Гэрээ, хэм хэмжээний төслийг боловсруулах, хэм хэмжээний цогцолбор, тогтолцоонд дүн шинжилгээ хийх, хууль эрх зүйн бодит байдлыг шинжлэх ухааны үүднээс судлах /нь хүнийг уян хатан, олон талаас эргэцүүлэхэд нөлөөлдөг бөгөөд энэхүү ур чадвар нь аливаа аргументыг итгэлтэйгээр илэрхийлж чадахад тусалдаг.
4. Багшлах боловсон хүчний ур чадвар.
Боловсролын үндэс буюу хууль эрх зүйн орчингоос эхлээд их, дээд сургуулиудын зэрэг олгох хөтөлбөр, багш нарыг давтан сургах хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх нэгдсэн бодлого бий болгох, онол практикийн багш нарын заах хичээлийн уялдааг боловсронгуй болгох шаардлага бий болж байна. "Орчин үеийн хуульч"-ийн эзэмшвэл зохих ур чадвар, өөрийгөө удирдах зэрэг суралтыг практик хэрэгцээнд нийцүүлэх нь зайлшгүй чухал юм. Энд зорилго нэг байх ёстой. Эрх зүйн боловсрол олгож буй сургуульд багшилж буй боловсон хүчний дийлэнх нь эрх зүйн онолын чиглэлээр мэргэшсэн байдаг бөгөөд хууль хэрэглээ буюу практикт ажиллаж байсан туршлага дутмаг байгаа нь нууц биш юм.
Ирээдүйн хуульч бэлтгэх сургалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэх нэг боломж нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран “Орчин үеийн эрх зүйн боловсролын алсын хараа”-г бий болгож хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Учир нь “АЛСЫН ХАРАА -2050” МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГО-ын “Хүний хөгжил”-ийг дэмжих зорилтын 2.1-д “Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлнэ” гэж заасан бөгөөд уг зорилтыг хэрэгжүүлэхийн тулд “Салбарын хүрээнд судалгаа, нотолгоонд суурилсан бодлого, хөгжлийн төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх удирдлагын тогтолцоо болон олон талт түншлэл бэхэжсэн байна” гэж төлөвлөжээ.
Олон талт түншлэлийг дэмжих буюу боловсролоор дамжуулан чадварлаг хуульч бэлтгэн гаргах бодлогын баримт бичгийн үндэс нь “Орчин үеийн эрх зүйн боловсролын алсын хараа” юм.
Эрх зүйн боловсролыг шинэчлэх шаардлага.
Эрх зүйн боловсрол бол манай боловсролын тогтолцооны нэг хэсэг юм. Энэхүү боловсролыг олгож буй бидний арга барил ямар зарчмуудаас бүрддэг вэ? Ирээдүйн хуульчдад эрх зүйн нэгдсэн мэдлэг, мэдээлэл олгох, чадварлаг хуульчийг бэлтгэх тогтолцоог бид бүрдүүлж чадсан уу гэх мэт олон асуултын хариултыг бид өнөөдрийн эрх зүйн боловсрол олгож буй практикаас олоход хүндрэлтэй болж байна. Эрх зүйн боловсролын тогтолцоог шинэчлэх процесс зарим улсад ч хэрэгжиж байна. Тухайлвал:
Холбооны Бүгд Найрамдах Герман улсад iur.reform нэрийн дор Эрх зүйн боловсролын шинэчлэлийн холбоо нь тус улсын түүхэн дэх хууль зүйн боловсролын шинэчлэлийн талаарх хамгийн том судалгааг хийжээ.[4] “Эрх зүйн боловсролын шинэчлэлийн холбоо” зургаан сарын хугацаанд нийт 11842 оролцогчдоос эрх зүйн боловсролын нөхцөл байдлын талаарх санал асуулга явуулсан бөгөөд судалгаанд хамрагсад ямар асуудал дээр санал нэгдэж, хаана зөрүүтэй байгааг тодорхойлох зорилгоор суралцагч, багш, дадлагажигчдыг татан оролцуулсан. Судалгаанд 5033 оюутан /нийт оролцогчдын 43 хувь/, 3742 хуульч, 937 шүүгч, 209 прокурор, 245 профессор (бүх хуулийн багш нарын 18%), Шүүхийн шинжилгээний албаны (JPA) 70 ажилтан тус тус хамрагджээ. Судалгаанаас үзэхэд сонгогчдын дийлэнх нь (52%) одоогийн эрх зүйн боловсролд сэтгэл дундуур байна гэсэн бөгөөд хууль зүйн боловсролыг дээшлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Тэгвэл бидэнд эрх зүйн боловсролыг шинэчлэх, тодорхой санал дэвшүүлсэн, эрх зүйн боловсролыг шинэчлэхэд хүндрэл учруулж буй эрх зүйн зохицуулалт болон бодлогын нэгдсэн судалгаа дутагдаж байна.
Монгол улс зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжсэнээр боловсролын салбар тэр дундаа Их, дээд сургуулиудыг төрийн эзэмшлээс гаргасан нь хувийн хэвшлийг дэмжих, оюутнуудын сурах, сонгох боломжийг нэмэгдүүлэх, эрх зүйн боловсролыг дэмжих гээд олон эерэг үр дүнг дурьдаж болно. Гэвч бидний бэлтгэн гаргасан эрх зүйч нар сайн хуульчид болж чадаж байна уу,
Санал.
1. Монгол улсад эрх зүйн боловсролд шинэчлэл хийхийн тулд эрх зүйн чиглэлээр сургалт явуулдаг бүх сургууль болон хуульчдыг хамарсан тодорхой асуулга бүхий судалгааг явуулж “АЛСЫН ХАРАА -2050” МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГО-д тулгуурлан “Орчин үеийн эрх зүйн боловсролын алсын хараа”-г бий болгох
2. Орчин үеийн эрх зүйн боловсролын алсын хараа”-нд тулгуурасан Эрх зүйн сургалтын хөтөлбөрийн нэгдсэн бодлого боловсруулах, уг хөтөлбөр нь боловсролын 4 тулгуур багана болох “Мэдэхийн тулд суралц, Хийхийн тулд суралц, Амьдрахын тулд суралц, Оршин байхын тулд суралц” гэсэн зарчимд суурилсан сургалтын тулгын гурван чулуу буюу “Онолын ур чадвар, практик ур чадвар, Хууль эрх зүйн техникийн ур чадвар”-ыг олгох нэгдсэн хөтөлбөрийг бий болгох.
3. “Боловсролын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар эрх зүйн боловсрол олгодог сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд мэргэшсэн хуульч, эрдэмтдийн оролцоотой хөндлөнгийн дүгнэлт гаргуулах
4. Хуулийг нэгмөр ойлгон хэрэгжүүлэх сургалтын хөтөлбөрийг тусгайлан боловсруулж, заах багш нарыг сонгон шалгаруулах эсхүл тухайн хичээлийг заах багшид тавигдах шаардлагыг бий болгон энэ чиглэлээр багш нарыг сургах.
АШИГЛСАН ЭХ СУРВАЛЖ:
1. Жак Делорс болон (2021 он) ЮНЕСКО-ийн дэмжлэгтэй “Боловсролын дөрвөн тулгуур” судалгааны тайлан
2. Дээд боловсролын тухай хууль, 2002 он
3. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, 2012 он
4. “АЛСЫН ХАРАА -2050” МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГО
2. цахим эх сурвалж:
- https://cabinet.gov.mn/
- https://www.nucleodoconhecimento.com.br/education/four-pillars
- https://www.meds.gov.mn/post/128815 боловсрол, шинжлэх ухааны салбарын статистикийн мэдээлэл 2022-2023
- https://rsw.beck.de/zeitschriften/nvwz/meldung/2023/05/24/ergebnisse-der--iur.reform--studie-vorgestellt
[1] Жак Делорс болон (2021 он) ЮНЕСКО-ийн дэмжлэгтэй “Боловсролын дөрвөн тулгуур” судалгааны тайлан, цахим эх сурвалж: https://www.nucleodoconhecimento.com.br/education/four-pillars
[2] https://www.meds.gov.mn/post/128815 боловсрол, шинжлэх ухааны салбарын статистикийн мэдээлэл 2022-2023
[3] https://www.meds.gov.mn/post/128815 боловсрол, шинжлэх ухааны салбарын статистикийн мэдээлэл 2022-2023
[4] https://rsw.beck.de/zeitschriften/nvwz/meldung/2023/05/24/ergebnisse-der--iur.reform--studie-vorgestellt
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба