Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс 2023 оны 6 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан 400 орчим мөрдөгч нарт танхим болон цахим хэлбэрээр сургалт зохион байгууллаа.
Сургалтад Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Ж.Ариунаа, хяналтын прокурор Р.Батнасан, Нийслэлийн прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, хяналтын прокурор Г.Ууганбаатар, Сургалт, судалгааны хүрээлэнгийн ахлах прокурор Ц.Насанбат, хяналтын прокурор, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа нар болон Хүний эрхийн үндэсний комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Эрдэнэбилэг нар оролцож, дараах сэдвүүдээр хичээл заалаа.
Тодруулбал, “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахын өмнөх гэрчийн мэдүүлгийн талаар”, “Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг”, “Үзлэг хийх, хөрөнгө хамгаалах арга хэмжээ”, “Нотолбол зохих байдал, нотлох баримт”, “Залилах гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа”, “Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийг шалгах, нотлох ажиллагаа”, “Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг” зэрэг мөрдөгчдийн ажлын хэрэгцээ шаардлагад нийцсэн сэдвүүдээр сургалтыг явуулсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба