Монгол Улсын ерөнхий прокурорын газар Зүүн Өмнөд Азийн хуулийн байгууллагуудын сүлжээ“SEAJust network”-ний гишүүн боллоо. Тодруулбал, 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан Зүүн Өмнөд Азийн хуулийн байгууллагуудын сүлжээ /SEAJust network/-ний Ээлжит бус нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын ерөнхий прокурорын газраас болон Америкийн Нэгдсэн Улсын гаргасан тус сүлжээнд нэгдэн орох тухай хүсэлтийг хэлэлцэж, хүлээн зөвшөөрснөөр гишүүн орон болсон байна.
НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас 2020 оны 3 дугаар сард байгуулсан тус байгууллага нь Зүүн Өмнөд Азийн хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа, ялангуяа эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, гэмт хэрэг үйлдсэн, хорих ял шийтгүүлсэн хүнийг шилжүүлэх асуудал хариуцсан эрх бүхий төв байгууллагууд шууд холбоо тогтоон хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх албан бус сүлжээ бөгөөд гишүүн улс орнууд хамтарсан уулзалт, хурал зохион байгуулахаас гадна хууль сахиулах албан хаагч, прокурор, шүүгч нарын чадавхийг бэхжүүлэх, гарын авлага, практик хэрэглээний бичиг баримтболовсруулах зэрэг өргөн хүрээнд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах боломжтой юм.
Түүнчлэн “SEAJust network” нь НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас байгуулсан бусад бүс нутгийн сүлжээ болох Өмнөд Америкийн, Баруун Африкийн, Төв Азийн болон Өмнөд Кавказын, Европын, Ази-Номхон далайн орнуудын хуулийн байгууллагуудын сүлжээтэй нягт хамтран ажилладаг тул тэдгээртэй эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх, гэмт хэрэг үйлдсэн, хорих ял шийтгүүлсэн хүнийг шилжүүлэх, хууль бус хөрөнгийг буцаан авах зэрэг чиглэлд шуурхай харилцахболомжийг олгох давуу талтай.
Өнөөдрийн байдлаар Зүүн Өмнөд Азийн хуулийн байгууллагуудын сүлжээ байгууллага /SEAJust/-д Австрали, АНУ, Камбож, Индонез, Малайз, Мальдив, Флиппин, БНСУ, Румын, Сингапур, Тайланд, Вьетнам зэрэг 17 орон гишүүнээр элсэн хамтран ажиллаж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба