Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO) хамтран АНУ-ын Төрийн Департаментын Олон улсын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах товчооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын институцийн шударга, ил тод байдал” (2021-2024) төслийн хүрээнд Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Авлигатай тэмцэх газрын төлөөлөл Бүгд Найрамдах Сингапур Улсад 2023 оны 6 дугаар сарын 24-нөөс 30-ны өдрүүдэд эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлэх, тус улсын авлигатай тэмцэх болон хөрөнгө буцаах сайн туршлагыг судлах зорилгоор айлчиллаа.
Айлчлалд Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Авлигатай тэмцэх газрын төлөөлөл болон Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-ын зөвлөх Петр Штрассер, тус байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Стивен Кент, төслийн багийн хамт оролцож, Сингапур Улсын ерөнхий прокурорын танхим, Хууль зүйн яам, Авлигын хэргийг мөрдөн шалгах товчоо, Цагдаагийн ерөнхий газар, тус газрын дэргэдэх Сэжигтэй гүйлгээг мэдээлэх алба, Дээд шүүх болон АСЕАН-ны “Байгууллагын нийгмийн хариуцлагын сүлжээ” ТББ зэрэг байгууллагуудын төлөөллүүдтэй уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна.
Туршлага судлах айлчлалын үеэр тус улсын хууль эрх зүйн тогтолцоо, эрх бүхий байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааны онцлог, авлигатай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй Сингапур Улсын бодлого, авлига, мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, авлигын болон кибер аюулгүй байдлын эсрэг, цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх, хөрөнгө буцаах чиглэлээр улс орнуудтай хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулах, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж буй сайн туршлагыг судлан, цаашид хамтран ажиллах боломжийн талаар харилцан мэдээлэл солилцжээ.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Бүгд Найрамдах Сингапур Улсын ерөнхий прокурорын танхим хооронд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, харилцан мэдээлэл солилцох, хамтарсан сургалт, эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн зохион байгуулах зэрэг асуудлаар хамтын ажиллагааг өргөжүүлэх санамж бичиг байгуулахаар тохиролцсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба