ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААРХ ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕТЭЙ ХАРЬЦУУЛАХАД 4.5 ХУВИАР ӨССӨН БАЙНА

A- A A+
ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААРХ ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕТЭЙ ХАРЬЦУУЛАХАД 4.5 ХУВИАР ӨССӨН БАЙНА

Прокурор 2023 оны эхний хагас жилд 57.471 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, 45.651 хэрэг бүртгэлтийн хэрэг, 15.324 мөрдөн байцаалтын хэрэгт тус тус хяналт тавьж, 8139 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн 77.5 хувь нь Нийслэлд, 22.5 хувь нь орон нутагт бүртгэгдсэн ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.5 хувиар өсжээ.

  • Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ 13.3 хувиар буурав.

Гэмт хэрэг үйлдэж яллагдагчаар татагдсан 10.896 хүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Тодруулбал, 7,8 хувь буюу 856 хүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, 7,7 хувь буюу 846 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол 84,3 хувь буюу 9194 хүнд бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээг авчээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ 13.3 хувиар буурсан.

Мөн шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тухай мөрдөгчийн тогтоолыг хуульд заасан үндэслэл байгаа эсэхтэй танилцаж, үндэслэлгүй 55 тогтоолыг хүлээн авахаас татгалзсан байна.

  • Прокурорын шаардлагын мөрөөр зөрчил гаргасан 155 албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авсан байна. 

Прокурор мөрдөн шалгах ажиллагааны явцад хуулийг нэг мөр хэрэгжүүлж, хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх, зөрчигдсөн эрхийг сэргээх талаар мөрдөх байгууллагуудад нийт 81 шаардлага бичиж, түүний мөрөөр зөрчил гаргасан 155 албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авсан байна.

  • Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор 454.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжлэв.

Прокуророос хүний зөрчигдсөн эрхийг хамгаалах, хохирол нөхөн төлүүлэх, торгох болон эд хөрөнгө хураах ялын биелэлтийг хангуулах зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад 224.0 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк, санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 454.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилсэн байна.

  • Хэрэг бүртгэлт явуулсан нийт хэргийн дийлэнх нь Хулгайлах, Залилах гэмт хэрэг байна.

Прокуророос 2023 оны эхний хагас жилд хяналт тавьсан хэрэг бүртгэлтийн нийт хэргийн дийлэнх нь Хулгайлах, Залилах гэмт хэрэг байна. Тодруулбал,

Хулгайлах гэмт хэрэг 13.751 буюу 29.7 хувь;

Залилах гэмт хэрэг 12.759 буюу 28 хувь;

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг 4372 буюу 9.5 хувь;

Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг 1635 буюу 3.5 хувь;

Мал хулгайлах гэмт хэрэг 1515 буюу 3.3 хувь;

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 829 буюу 1.8 хувьтай байна.

  • Авлигын гэмт хэрэг Нийслэлд болон Сэлэнгэ, Баян-Өлгий аймагт хамгийн их бүртгэгджээ.

Прокурор 2023 оны эхний хагас жилд авлига, албан тушаалын 1247 хэрэгт хяналт тавьж, 146 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Авлигын гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 27 хувиар өссөн бөгөөд 65.1 хувь нь Нийслэлд, 34.9 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол орон нутгаас Сэлэнгэ, Баян-Өлгий аймагт хамгийн их бүртгэгджээ. 

Нийт бүртгэгдсэн авлигын гэмт хэргийн 76.4 хувийг улс төрд нөлөө бүхий болон нийтийн албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэг эзэлж байна.

Авлигын гэмт хэргийн улмаас 3.6 их наяд төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад 235.1 тэрбум төгрөгийн эд хөрөнгө битүүмжилж, 9 тэрбум төгрөгийн эд хөрөнгө хураан авч, 2.3 их наяд төгрөгийн хохирол нөхөн төлүүлсэн байна.

  • Мөнгө угаах гэмт хэрэгт 17 төрийн албан хаагч холбогдсон байна.

Прокурор 2023 оны эхний хагас жилд бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгасан 276 Мөнгө угаах хэрэгт хяналт тавьж, 45 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Мөнгө угаах гэмт хэрэгт 17 төрийн албан хаагчийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, үүний дотор улс төрд нөлөө бүхий этгээд 1 байна.

Мөнгө угаах гэмт хэргийн 47.2 хувь нь Авлига, 31.8 хувь нь Хулгайлах, 5.4 хувь нь Татвар төлөхөөс зайлсхийх, 4.5 хувь нь Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгийг угаасан үндэслэлээр шалгагджээ.

  • Эрүү шүүлт тулгах 2 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв.

Прокуророос хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан Эрүү шүүлт тулгах 21 хэрэгт хяналт тавьж, 2 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бол 8 хэрэг ажиллагаанд шалгагдаж байна.

Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн 52.3 хувь нь Нийслэлд, 47.7 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. 

  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт ихэвчлэн 18-30 насныхан холбогдож байна.

Прокурор 2023 оны эхний хагас жилд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 264 хэрэгт хяналт тавьж, 129 яллагдагчид холбогдох 98 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт нийт 174 хүн холбогдон шалгагдсанаас 67.2 хувь нь 18-30, 28.2 хувь нь 31-44, 2.9 хувь нь 45-аас дээш, 1.7 хувь нь 17 хүртэл насны хүмүүс байна. Энэ төрлийн хэрэгт холбогдогчдын 85 хувь нь эрэгтэй, 79.3 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байна.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн дийлэнх буюу 91.7 хувь нь Нийслэлд, харин Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Төв аймагт 8.3 хувь нь бүртгэгджээ. 

  • Хүүхдүүд Эрүүл мэндийн болон бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт их өртөж байна.

Прокуророос 2023 оны эхний хагас жилд хүүхэд хохирсон 2054 хэрэгт хяналт тавьж, 611 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Үүнээс 1442 буюу 70.2 хувь нь Нийслэлд, 612 буюу 29.8 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байна.

Гэмт хэргийн улмаас хохирогчоор тогтоогдсон 1028 хүүхдийн 64.2 хувь нь 14-17, 28.4 хувь нь 8-13, 7.4 хувь нь 8 хүртэлх насны хүүхдүүд байгаа бол эрэгтэй 511, эмэгтэй 517 хүүхэд байна.

2023 оны эхний хагас жилийн байдлаар мөрдөн байцаалт явуулсан хүүхэд хохирсон хэргийг төрлөөр нь авч үзвэл, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” 340 гэмт хэрэгт, 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх /хүүхдийн эсрэг/” 14 гэмт хэрэгт, 12.1 дүгээр зүйлд заасан “Хүчиндэх” 189 гэмт хэрэгт, 12.5 дугаар зүйлд заасан “Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох” 77 гэмт хэрэгт, 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” 74 гэмт хэрэгт хүүхэд өртөж, хохирсон байна.

  • Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг Сэлэнгэ, Төв, Дорнод аймагт их үйлдэгдсэн байна.

Прокурорын байгууллагаас 2023 оны эхний хагас жилд Хүрээлэн байгаа орчны эсрэг хэрэг бүртгэлтийн 468, мөрдөн байцаалтын 294 хэрэгт хяналт тавьж ажилласан байна. Үүнээс 253 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлжээ.

Гэмт хэргийн улмаас хүрээлэн байгаа орчинд 16,683,209,341 төгрөгийн хохирол, 538,292,387 төгрөгийн хор уршиг учирснаас 776,801.574 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 13,148,016 төгрөгийн хор уршгийг арилгуулсан байна. 

Хүрээлэн байгаа орчны эрсэг гэмт хэрэг Сэлэнгэ аймагт 126, Төв аймагт 69, Дорнод аймагт 50 бүртгэгдсэн нь бусад аймгуудтай харьцуулахад их байна.

  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь 31-44 насныхан байна. 

Прокурор 2023 оны эхний хагас жилийн байдлаар Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 631 хэрэгт хяналт тавьж, 261 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон 86 хүнийг насны байдлаар нь авч үзвэл, дийлэнх нь 31-44 насныхан байна. Тодруулбал, 22.9 хувь нь 18-30, 57.6 хувь нь 31-44, 18.2 хувь нь 45-аас дээш насны хүмүүс байгаа бол 94.3 хувь нь эрэгтэй, 5.7 хувь нь эмэгтэй байна. Мөн 64.3 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байгаа ба 42 хувь нь согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт 116 хүнийг хохирогчоор тогтоосон бөгөөд насны хувьд, 17 хүртэлх насны 10, 18-30 насны 30, 31-44 насны 52, 45-аас дээш насны 24 хүн байгаагаас эрэгтэй 19, эмэгтэй 97 хүн байна.