Ж.БОЛОРПҮРЭВ: ОХУ-ЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРААС БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, ЭКОЛОГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ АЛБАН БИЧИГ ИРҮҮЛСЭН

A- A A+
Ж.БОЛОРПҮРЭВ: ОХУ-ЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРААС БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, ЭКОЛОГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ АЛБАН БИЧИГ ИРҮҮЛСЭН

“ОХУ-ын ерөнхий прокурор И.Краснов БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Улс төр, хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Чэнь Вэньцинтэй уулзах үеэр Монгол Улс дахь барууны нөлөөллийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах санал тавьсан” гэсэн мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр гарчээ. Энэ талаар Улсын ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Ж.Болорпүрэвээс тодрууллаа.

 

- ОХУ-ын ерөнхий прокурор И.Краснов БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Улс төр, хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Чэнь Вэньцинтэй уулзах үеэр “Монгол Улс дахь барууны нөлөөллийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах санал тавьсан” гэх мэдээлэл гарч байна. Энэ талаар тодруулга өгнө үү?

- Юуны өмнө Монгол Улсын прокурорын байгууллага нь гадаад улсуудын байгууллага, албан тушаалтны хоорондын айлчлал, уулзалтын талаар үнэлэлт, дүгнэлт тайлбар өгөх учиргүй.

Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйлд заасанчлан Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцдог байгууллага юм. Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа ОХУ, БНХАУ-ын холбогдох албан тушаалтнуудын хоорондоо ярьсан гэх асуудлын талаар бидэнд албан ёсны мэдээлэл ирээгүй, ирэх ч ёсгүй.

Харин Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын прокурорын байгууллагууд байгаль орчныг хамгаалах, авлигатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах асуудал, санал солилцох ярианы түвшинд байгаа.

Олон нийтийг төөрөгдүүлсэн, эргэлзүүлсэн худал ташаа мэдээллийг нийтэд түгээх, тараах нь хууль бус үйлдэл.

- Мөн “өрнөдийн нөлөөг бууруулах 3 талт хамтын ажиллагааг БНХАУ-тай хэлэлцэж, ОХУ-ын ерөнхий прокурор И.Краснов Монгол Улсын ерөнхий прокурорт хэлэлцээрийн төслийг хүргүүлсэн” гэх мэдээлэл цацагдсан. ОХУ-ын талаас ямар нэгэн санамж бичиг, хэлэлцээрийн төсөл ирүүлсэн үү?

- Монгол Улсын ерөнхий прокурорын газарт ОХУ-ын ерөнхий прокурорын газраас “Байгаль орчныг хамгаалах, экологийн аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах тухай” албан бичгийг ирүүлсэн.

Үүнээс өөр ОХУ-ын талаас Монгол Улсын прокурорын байгууллагад ямар нэг санамж бичиг, хэлэлцээр байгуулах талаар төсөл, албан бичиг ирээгүй.

- Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ОХУ-ын ерөнхий прокурортой уулзаж буй талаар ОХУ-ын ОРТ телевизээр гарч байгаа зураг, бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан байна. Энэ талаар тайлбар өгнө үү?

- Тийм ээ. Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан 2022 оны нэгдүгээр сард ОХУ-ын ерөнхий прокурор И.В.Красновын урилгаар тус улсын прокурорын байгууллага байгуулагдсаны 300 жилийн ойн арга хэмжээнд оролцсон.

Уг арга хэмжээнд Итали, Бельги, Аргентин, Бразил, Норвеги, Арабын Нэгдсэн Эмират, Босни ба Херцеговин, Египет, Грек зэрэг дэлхийн 30 гаруй орны ерөнхий прокурор, бусад төлөөлөгч оролцсон юм.

Монгол Улсын ерөнхий прокурорын ОХУ-д хийсэн албан айлчлалын талаар бид тухайн үед нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан. Прокурорын байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

Ер нь гаднын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан албан бус мэдээллийг өөрийн орны төрийн байгууллагатай холбож, үйл ажиллагаанд нь нялзаах хандлага туйлын зохимжгүй гэдгийг хэлмээр байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээнд худал мэдээлэл тараах нь гэмт хэрэг болох төдийгүй бусад олон сөрөг үр дагаврыг бий болгодог тул хүн бүхэн хуулиа биелүүлж, бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэдэг байх учиртай.

- Прокурорын байгууллага гадаад улсын прокурорын байгууллагатай бие дааж санамж бичиг, хэлэлцээр байгуулж, нуусан, түүнийг ил болгох талаар цахим сүлжээнд гарч байгаад ямар тайлбар өгөх вэ?

- Прокурорын тухай хуульд зааснаар Улсын ерөнхий прокурор нь гадаад улсын ижил төстэй байгууллага, олон улсын байгууллагатай шууд харилцаж хамтран ажиллах, гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар санамж бичиг, хэлэлцээр байгуулах хууль зүйн боломжтой байдаг.

Энэ хүрээнд Монгол Улсын прокурорын байгууллага нь гадаад улсын прокурор, олон улсын байгууллагатай зөвхөн гэмт хэрэгтэй тэмцэх, үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэргийг мөрдөн шалгах, хулгайлагдсан хөрөнгийг буцаан авах, шилжүүлэх асуудлаар хамтран ажиллах, туршлага солилцох, прокурорыг мэргэшүүлэх, дадлагажуулах чиглэлээр санамж бичиг, хэлэлцээрийг байгуулж ирсэн.

Улсын ерөнхий прокурорын газраас гадаад улсын прокурорын байгууллагуудтай 1978 оноос эхлэн нийт 32 санамж бичиг, хэлэлцээр байгуулсан байна. Сүүлийн 10 жилд Турк, Узбекистан, Казахстан, Вьетнам, Тайланд, Австри, Бельги зэрэг улстай санамж бичиг, хэлэлцээр байгуулсан.

Одоо бид Сингапур, Канад, Франц зэрэг улсын ижил төстэй байгууллагатай хамтран ажиллаж, прокурорыг мэргэшүүлэх, тодорхой төрлийн гэмт хэргийг шалгаж шийдвэрлэх чиглэлээр сургалт, хэлэлцүүлэгт оролцож байна.

Прокурорын байгууллагаас гадаад улсын ижил төстэй байгууллагатай хамтран ажиллах хэлэлцээр байгуулах, гадаад улсад ажлын айлчлал хийхдээ Монгол Улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн байгууллагаас мэргэжил арга зүйн зөвлөмж авч харилцдаг.

Эх сурвалж: Ikon.mn