Г.СУНДУЙ: ЗӨРЧЛИЙН УЛМААС ТӨР, НИЙТИЙН АШИГ СОНИРХОЛД 4.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРСАН

A- A A+
Г.СУНДУЙ: ЗӨРЧЛИЙН УЛМААС ТӨР, НИЙТИЙН АШИГ СОНИРХОЛД 4.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРСАН

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирол, нөхөн төлбөр гаргуулах албадлагын арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлж ажиллаж байгааг 2023 оны эхний хагас жилийн байдлаар судалжээ. Энэ талаар тус хэлтсийн хяналтын прокурор Г.Сундуйтай цөөн хором ярилцлаа.

-Судалгааныхаа талаар мэдээлэл өгөөч. Хэчнээн зөрчлийн хэрэг бүртгэгдэж, хохирол нөхөн төлбөрийг хэрхэн барагдуулдаг юм бол?

- Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий 84 байгууллагын 1333 зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Зөрчлийн хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирол, нөхөн төлбөрийг барагдуулахад анхаарах ёстой. Энэ төрлийн албадлагын арга хэмжээг зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтнууд хэрхэн хэрэгжүүлж ажиллаж байгааг судалсан. 

Бид 2023 оны эхний хагас жилд нийт 3429 зөрчлийн хэрэгт хяналт тавьж ажиллалаа. Үүнээс төр, нийтийн ашиг сонирхолд 4.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 94 зөрчлийн хэрэгт хяналт тавьсан байна. Судалгаагаар төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 516.6 сая төгрөгийн хохирол, нөхөн төлбөрийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буюу хохирлоо төлөөгүй нь тогтоогдсон.

-Ямар зөрчлүүд дийлэнх гарч байна вэ?

-Судалгаанд хамрагдсан зөрчлийн хэргийн 49 хувийг байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил эзэлж байна. Харин Гаалийн тухай хууль зөрчих зөрчлийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд 3.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байгаа нь нийт хохирлын 87.6 хувийг эзэлж байна.

Тодруулбал, гаалийн татвараас зайлсхийх зорилгоор гаалийн хилээр бараа дутуу мэдүүлэх, барааны тоо, хэмжээг бууруулах, мөн агнуурын бүс нутгаас бусад газар, хориглосон хугацаанд амьтныг барих, агнах, тээвэрлэх зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна.

-Судалгаагаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу хэрэгжиж байна уу, та энэ талаар мэдээлэл өгөөч?

- Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор сайн дураар биелүүлнэ” гэж заасан. Дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд эрх бүхий албан тушаалтнаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хүсэлт гаргахаар зохицуулсан байдаг.

Судалгаагаар иргэн, хуулийн этгээдээс шийдвэрийг хугацаандаа биелүүлээгүй байхад шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх журмаар албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй, хуульд заасан чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй нөхцөл байдал тогтоогдсон. Илэрсэн зөрчлийг арилгуулах, давтан гаргахгүй байх, шийдвэрийн биелэлтийг хуульд заасан журмын дагуу тооцох, албадан гүйцэтгүүлэх ажил, арга хэмжээг авхуулахаар хугацаатай албан бичгийг Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хот дахь гаалийн газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн байгаль орчны газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Нийгмийн даатгалын ерөнхий газруудад тус тус хүргүүлээд байна.

- Та шүүхэд хүсэлт гаргах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэх талаар дээр дурдсан. Энэ талаар тодруулахгүй юу?

- Зөрчлийн хэрэгт шийтгүүлсэн хүн, хуулийн этгээд хуулийн хүчин төгөлдөр болсон эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хууль болон шийдвэрт өөрөөр заагаагүй тохиолдолд тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй байдаг. Хэрвээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэхээр тухайн албан тушаалтан харьяалах шүүхэд хүсэлт гаргаж, шүүх үндэслэлтэй гэж үзвэл албадан гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудас бичдэг. Энэ шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн явуулж байгаа ажиллагааг хэлж байгаа юм. Мөн адил прокуророос дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж ажилладаг.

                                                           

Эх сурвалж: Өдрийн сонин №153(7273)