Хүүхдийг зам тээврийн осолд өртөх, гэмтэж бэртэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Тээврийн прокурорын газар, Нийслэлийн боловсролын газар, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Миг даатгал, Тээврийн цагдаагийн алба зэрэг байгууллагууд хамтран 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр “Эрсдэлгүй ирээдүй” өдөрлөгийг “Хичээл эхэллээ” арга хэмжээний хүрээнд зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд сургуулийн орчинд хүүхдийг зам тээврийн осолд өртөх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг эцэг, эх, асран хамгаалагч нарт өгч, “School police” эргүүлээр ажиллах үед өмсөх хантааз тараан, модуль сургалт хийлээ.
Монгол Улсын хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 315 сургууль, 385 мянга орчим сурагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна.
Тээврийн прокурорын газраас цаашид авто замтай ойр байрладаг сургуулиудын орчны аюулгүй байдлын эрсдэлийн судалгааг гаргах, ерөнхий шаардлагын дагуу тохижуулах, урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах зэрэг ажлыг хийхээр болсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба