НАЙМДУГААР САРД ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД БОЛЖ ӨНГӨРСӨН ОНЦЛОХ 6 ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА

A- A A+
НАЙМДУГААР САРД ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД БОЛЖ ӨНГӨРСӨН ОНЦЛОХ 6 ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА

1. НҮҮРС ОЛБОРЛОЛТ, ЭКСПОРТ, ТЭЭВЭРЛЭЛТ, ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ 69 ХҮНД ХОЛБОГДОХ 8 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЭН ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргийг шалгах, шийдвэрлэх ажлын хэсэг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан. Тус ажлын хэсэг нийт 61 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нийт 138 хүнийг яллагдагчаар татаж, гэрчээр 12.994 хүнийг асууж мэдүүлэг авсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд 13,8 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.

2. ХИЛ ОРЧИМ НУТАГЛАЖ БАЙГАА ИРГЭДЭД ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Увс аймгийн прокурорын газраас тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Хилийн 0245 дугаар ангитай хамтран Давст, Сагил, Бөхмөрөн зэрэг сумдын хил орчим нутаглаж байгаа иргэдэд гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл өгч ажиллалаа.

3. ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ҮЙЛДЭГДСЭН 11 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЭН ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

Улсын ерөнхий прокурор хүний эрх, эрх чөлөө, өмчлөх эрхийг хамгаалах, гэмт үйлдлийг таслан зогсоох, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор зохион байгуулалттай бүлэг этгээдийн үйлдсэн бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн, заналхийлсэн гэмт хэргийг шалган шийдвэрлэх ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсэг байгуулагдсанаас хойших хугацаанд зохион байгуулалттай үйлдэгдсэн гэх 26 хэргийг прокурор хянаад, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл, нөхцөл байдал тогтоогдсон 15 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, 57 хүнийг яллагдагчаар татан, 52 хүнд холбогдох 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байна.

4. ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУМДАД АЖИЛЛАЛАА

Дундговь аймгийн прокурорын газраас тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргал, Өндөршил, Өлзийт, Гурвансайхан, Дэрэн сумдын иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох чиглэлээр яриа, таниулга хийх ажлыг зохион байгууллаа.

5. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДААС ИРҮҮЛСЭН ХҮСЭЛТИЙН ДАГУУ НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХОЛБОГДОХ АРГА ХЭМЖЭЭГ АВЛАА

Улсын ерөнхий прокурорын газраас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэг, хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хүсэлтийг шийдвэрлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсгээс Сэлбэ, Дунд голын үерийн далангийн хамгаалалтын бүсэд 630 гаруй барилга, байгууламж баригдсан тухай мэдээлэл, 170 барилга, байгууламж болон 61 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах, барилга барих зөвшөөрөл, 3929 иргэн, хуулийн этгээдэд үерийн далангийн хамгаалалтын бүс давхцуулан газар олгосон шийдвэр, судалгаа, нотлох баримттай танилцан, холбогдох арга хэмжээг авч ажиллажээ.

Тухайлбал, үерийн далангийн хамгаалалтын бүсэд газар эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар прокурорын нэхэмжлэл гарган шүүхэд, хууль тогтоомж зөрчин газар олгосон шийдвэрт зохих арга хэмжээ авхуулах талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт албан бичиг тус тус хүргүүлсэн байна.

6. ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД “ЭРСДЭЛГҮЙ ИРЭЭДҮЙ” УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тээврийн прокурорын газар, Нийслэлийн боловсролын газар, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрсдэлгүй ирээдүй” урьдчилан сэргийлэх өдөрлөгийг зохион байгууллаа.