У.ЗОЛЖАРГАЛ: ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ЦАХИМ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЖ БУЙ БНСУ-ЫН ТУРШЛАГАТАЙ ТАНИЛЦСАН

A- A A+
У.ЗОЛЖАРГАЛ: ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ЦАХИМ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЖ БУЙ БНСУ-ЫН ТУРШЛАГАТАЙ ТАНИЛЦСАН

Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хууль зүйн яамны харьяа Хууль зүйн хүрээлэн, Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/ хамтран "Монгол Улсын прокурорын байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь 2022-2024” төслийг хэрэгжүүлж байгаа.

Энэхүү төслийн хүрээнд “Мөнгө угаах гэмт хэрэг ба цахим нотлох баримт” сэдэвт сургалт 2023 оны 9 дүгээр сарын 03-аас 16-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдаж, Улс, аймаг, нийслэл, дүүрэг, сум дундын прокурорын газрын 20 прокурор оролцсон.

Сургалтын ач холбогдол болон цаашид хийхээр төлөвлөсөн ажлын талаар УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор У.Золжаргалтай ярилцлаа.

Сургалтын хүрээнд ямар сэдвүүдээр мэдээлэл авсан бэ, онцлог зүйл нь юу байв?

БНСУ-ын Хууль зүйн яам, Ерөнхий прокурорын газрын прокурор, мөрдөгч нар болон “Дунгүг” их сургуулийн багш, профессорууд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэдээллийн систем”, “Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийн цахим хяналтын тогтолцоо болон хувийн мэдээллийг дэлгэх тогтолцооны тухай ойлголт”, “Мөнгө угаах гэмт хэргийг мөрдөх, гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хураах арга техникийн талаарх ойлголт”, “Дижитал нотлох баримт хураан авах, нэгжлэг хийх ажиллагаа”, “Spyware, email, Phishing зэргийг мөрдөн шалгах арга техник”, “Дижитал форенсикийн мөрдөн шалгах сүлжээ”, “Дижитал нотлох баримтын шинжилгээний нэгдсэн систем” зэрэг сэдвүүдээр лекц, семинар орсон.

Сургалтын үндсэн сэдэв болох Мөнгө угаах гэмт хэрэг ба цахим нотлох баримт болон хууль бус хөрөнгө, орлогыг буцаан  авах чиглэлээр тус улсын туршлагыг түлхүү танилцан, судалсан.

Солонгосын цагдаа, прокурор, шүүх, Хууль зүйн яам хооронд ашигладаг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэдээллийн нэгдсэн /КICS/ системийн үйл ажиллагаа нь онцлог байсан. Хэргийг нэгдсэн байдлаар бүртгэх замаар давхардуулах, алдаа гаргахаас сэргийлэх үүднээс тус системийг 2010 оноос ажиллуулж эхэлсэн ба одоо улам хөгжиж, цахим хэргийн хэмжээнд ашиглагдахаар болсон байна.

Тус улс нь 2021 оны 10 сард “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цахим баримт бичгийг ашиглах тухай” хуулийг баталж, 2024 оны 10 сараас хэрэгжүүлж эхлэхээр болсон байна. Хууль хэрэгжиж эхэлснээр цахим хавтаст хэрэг бий болж, хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн цахимжих тул бэлтгэл ажлуудыг үе шаттайгаар хийж байгаа юм байна.

Манай улсад эрүүгийн хэргийг цахимжуулах ажил эхэлж байгаа тул энэ талаар сургалтад сууж, үйл ажиллагаатай танилцах нь ач холбогдолтой байлаа.

Түүнчлэн ял эдлүүлэх ажиллагаанд цахим хяналтын тогтолцоог бүрэн нэвтрүүлсэн нь онцлог байсан. Хорих анги дахь ялтны нягтралыг бууруулах, нийгмийг харгис хэрцгий гэмт хэргээс хамгаалах зорилгоор цахим хяналтын тогтолцоог нэвтрүүлсэн нь эерэг үр дүнг авчирсан байна. Тухайлбал, гэмт хэргийн гаралт буурсан, иргэдийн айдас түгшүүр багасаж тайван байдал бий болсон, улсын төсвийг хэмнэсэн зэрэг үр дүн гарсан гэж тайлбарлаж байв.

Сургалтын мөрөөр цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

Мөнгө угаах гэмт хэрэг ба цахим нотлох баримт сургалтаар авсан мэдээлэл, БНСУ-ын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршлагад үндэслэн хэд хэдэн ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран хийхээр төлөвлөж байна.

Тухайлбал, Мөнгө угаах гэмт хэргийг мөрдөх, гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хураах, дижитал нотлох баримт хураан авах, нэгжлэг хийх ажиллагаа, Spyware, email, Phishing зэрэг мөрдөн шалгах арга техникийн чиглэлээр мөрдөгч, прокуроруудыг чадавхжуулах сургалт зохион байгуулах, аргачлал боловсруулах, энэ төрлийн гэмт хэргийн статистик мэдээг боловсронгуй болгох зэрэг ажлыг хийхээр болсон.

 

Ярилцсан:

УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн О.Одонзаяа