ОЛОН УЛСЫН ПРОКУРОРУУДЫН ХОЛБООНД “ГИШҮҮН-БАЙГУУЛЛАГА”-ААР ЭЛСЛЭЭ

A- A A+
ОЛОН УЛСЫН ПРОКУРОРУУДЫН ХОЛБООНД  “ГИШҮҮН-БАЙГУУЛЛАГА”-ААР ЭЛСЛЭЭ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотноо 2023 оны 09 дүгээр сарын 24-нөөс 27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон Улсын Прокуроруудын Холбооны 28 дугаар чуулганд Монгол Улсын ерөнхий прокурор тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Энэ удаагийн арга хэмжээнд АНУ, Англи, Швейцар, Франц, Канад, Өмнөд Солонгос, Япон зэрэг нийт 88 улсын 409 төлөөлөгч хүрэлцэн ирж, “21 дүгээр зуун дахь гэмт хэргийн мөн чанарын өөрчлөлт, сорилт ба хариу арга хэмжээ” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцсон байна.

Чуулга уулзалтын үеэр Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тус Холбооны байгууллагын гишүүнчлэлийн баримт бичигт гарын үсэг зурж баталгаажуулснаар Монгол Улсын ерөнхий прокурорын газар нь дэлхийн 177 орны 350,000 гаруй прокуроруудын төлөөлөл бүхий олон улсын сүлжээ байгууллагын албан ёсны “гишүүн-байгууллага” боллоо.

Тус байгууллагад элссэнээр Монгол Улсын прокурорын байгууллага олон улсын прокуроруудын нэгдсэн сүлжээнд орох, олон улсын эрүүгийн эрх зүйн салбарт шинэ тутам гарч буй мэдээ, мэдээллийг шуурхай солилцох, бусад улсын прокурорын байгууллагатай олон талт уулзалт зохион байгуулж, хамтран ажиллах, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, прокурор солилцооны болон бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах боломж нээгдэж байна.

Түүнчлэн Аргентин, Итали, Сингапур, Филиппин зэрэг улсын ерөнхий прокурорын газар чуулганы үеэр тус холбоонд гишүүнээр элсэж, баримт бичигт гарын үсэг зуржээ.

Мөн дээрх чуулганы үеэр Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Хан Мораал, холбооны гүйцэтгэх захирал Жанне Холст Хюбнер нартай уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын ерөнхий прокурорын зүгээс авлигын болон үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, хууль бус хөрөнгийг буцаах, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулах зэрэг санал дэвшүүлснийг Олон Улсын Прокурорын Холбооны талаас талархан хүлээн авч, бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлжээ. 

Мөн Олон Улсын прокуроруудын холбооны зүгээс Монголын Улсын Прокурорын байгууллага тус холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирснийг онцлон тэмдэглээд, 2024 онд гишүүн орнуудын уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах санал тавьсныг Монгол Улсын ерөнхий прокурорын газар хүлээн авч, уулзалтыг зохион байгуулан ажиллахаа илэрхийлсэн байна.