БНТУ-ЫН ХУУЛЬ ЗҮЙН ДЭД САЙД ХАСАН ИЛМАЗТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

A- A A+
БНТУ-ЫН ХУУЛЬ ЗҮЙН ДЭД САЙД ХАСАН ИЛМАЗТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Монгол Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат Бүгд Найрамдах Турк Улс /БНТУ/-ын Хууль зүйн дэд сайд Хасан Илмаз, Дээд шүүхийн шүүгч Хулуси Пур, Хууль зүйн академийн ерөнхийлөгч Мухиттин Өздемир, тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш нарын төлөөлөгчдийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, БНТУ-ын Хууль зүйн академи хооронд 2017 онд байгуулсан “Хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хэрэгжилтийн талаар ярилцаж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зарим асуудлаар санал солилцлоо.

Тухайлбал, үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, мөнгө угаах, авлига, албан тушаалын зэрэг тодорхой төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр туршлага солилцох, хамтарсан судалгаа хийх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх зэргээр хамтын ажиллагааг эрчимжүүлж, харилцан дэмжиж ажиллахаар тохиролцов.

Мөн БНТУ-ын Хууль зүйн дэд сайд Хасан Илмаз хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжин хөгжиж  байгааг онцлон, энэ удаагийн айлчлал нь хоёр талын хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, Монгол Улсын Прокурорын байгууллагын төлөөллийг БНТУ-д урив.