ЕСДҮГЭЭР САРД ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД БОЛЖ ӨНГӨРСӨН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА

A- A A+
ЕСДҮГЭЭР  САРД  ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД БОЛЖ ӨНГӨРСӨН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА

1. ОЛОН УЛСЫН ПРОКУРОРЫН ХОЛБООНД “ГИШҮҮН-БАЙГУУЛЛАГА”-ААР ЭЛСЛЭЭ

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Олон Улсын прокурорын холбооны 28 дугаар чуулганд оролцож, тус холбооны байгууллагын гишүүнчлэлийн баримт бичигт гарын үсэг зурж баталгаажуулснаар Монгол Улсын ерөнхий прокурорын газар дэлхийн 177 орны 350,000 гаруй прокуроруудын төлөөлөл бүхий олон улсын сүлжээ байгууллагын албан ёсны “гишүүн-байгууллага” боллоо.

2. ХБНГУ-ЫН БАВАРИ МУЖИЙН МЮНХЕНИЙ ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАРТ ЗОЧИЛЛОО

Улсын ерөнхий прокурорын газрын төлөөлөгчид ХБНГУ-ын Бавари мужийн Мюнхений ерөнхий прокурорын газарт зочилж, ажил хэргийн уулзалт хийн, Мөнгө угаах гэмт хэргийг шалган шийдвэрлэх олон улсын чиг хандлага, орчин үеийн дэвшилтэт технологийг прокурорын хяналтын ажилд нэвтрүүлж буй байдал, тэр дундаа цахим хавтаст хэрэг, дижитал нотлох баримтыг хэрхэн бүрдүүлэх асуудлаар ярилцаж, тус улсын туршлагыг нарийвчлан судлахаар тохиролцов.

3. ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ, ОРЛОГЫГ БУЦААН АВАХ ЧИГЛЭЛЭЭР БНСУ-Д ТУРШЛАГА СУДЛАВ

Улсын ерөнхий прокурорын газар, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/ болон тус улсын Хууль зүйн институттэй хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд “Хууль бус хөрөнгө, орлогыг буцаан авах” чиглэлээр БНСУ-ын Сөүл хотноо 20 прокурор сургалтад хамрагдаж, тус улсын сайн туршлагыг Монгол улсад нэвтрүүлэх, мөнгө угаах гэмт хэргийг мөрдөн шалгах аргачлал боловсруулах, статистик мэдээг боловсронгуй болгох зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.

4. МАНСУУРУУЛАХ БОДИС ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОХ ХЯЗГААРЛАЛТ ТОГТООСОН ИРГЭДИЙГ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

Нийслэлийн прокурорын газраас Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран шүүхээс мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон 70 орчим иргэдийг сургалтад хамруулж мансууруулах бодисын хор уршиг, сэтгэцэд учруулах сөрөг нөлөө болон холбогдох хууль тогтоомжийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгч, дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.