Баянзүрх дүүргийн прокурорын газраас тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төвд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн гаралт, нөхцөл байдалд дүгнэлт хийж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
Тодруулбал, тус дүүргийн цагдаагийн хэлтэст 2023 оны 9 сарын байдлаар “Нарантуул” олон улсын худалдааны төвд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх нийт 411 гомдол, мэдээлэл шалгагдсанаас 316 буюу 76.9 хувь нь гэмт хэрэг, 95 буюу 23.1 хувь нь зөрчлийн шинжтэй байгаа аж.
Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг төрлөөр нь авч үзвэл дийлэнх нь буюу 45.3 хувь нь халаасны хулгай, 19.9 хувь нь иргэдийн өмчийн хулгайтай холбоотой байгаа бол 13.9 хувь нь залилах, 9.5 хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, 2.8 хувь нь золгүй байдлаар нас барсан, 0.3 хувь нь дээрэмдэх гэмт хэргийн талаар гаргасан гомдол, мэдээлэл байна.
Зөрчлийн хувьд хүний биед халдах 15, эд зүйл хаясан, гээсэн 12, гэр бүл хүчирхийлэл үйлдсэн болон танхайрсан гэх тус бүр 8 зөрчил бүртгэгджээ.
“Нарантуул” олон улсын худалдааны төвд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүргийн прокурорын газраас дүүрэг дэх Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүх, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төвтэй хамтран тус худалдааны төвд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж, 700 гаруй иргэнд хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.
Иргэдийн зүгээс гэр бүлийн хүчирхийлэл, цахим залилангийн гэмт хэргийн талаар болон айлган сүрдүүлэлтэд өртсөн тохиолдолд хаана хандаж эрх ашгаа хамгаалуулах, хорих ял эдэлж байсан хүнийг ажлын байраар хангах боломжийн талаар түлхүү сонирхож асуусан байна.
Энэхүү нээлттэй хаалганы өдөрлөг нь иргэдэд хүрсэн, төрийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулсан арга хэмжээ болсон тул цаашид өргөжүүлж, жил бүр зохион байгуулахаар болжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба