“ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТҮНШЛЭЛИЙН КОМПАКТ ГЭРЭЭ”-НИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ БОЛЛОО

A- A A+
“ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТҮНШЛЭЛИЙН КОМПАКТ ГЭРЭЭ”-НИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ  БОЛЛОО

Монгол Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат АНУ-ын Төрийн Департементын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх газрын зөвлөх, ажилтан Мэтью Виллэмэйн, Ребекка Леснак нартай уулзалт хийж, хоёр улсын засгийн газар хооронд 2020 онд байгуулсан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-ний хэрэгжилт, үр дүнгийн талаар танилцууллаа.

Тус гэрээний хүрээнд прокурорын байгууллагаас хүн худалдаалах, бэлгийн мөлжлөг, бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, олон улсын туршлагыг нэвтрүүлэх, хохирогчид үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр нэлээдгүй ажлыг хийсэн байна.  Тухайлбал:

- АНУ-ын хүүхэд хамгаалал, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж,  туршлага судлах;

- Тус улсын Мэриланд мужийн Балтимор хот дахь Хүүхэд хамгааллын төвийн мэргэжилтнүүдээр хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн хохирогчийн сэтгэцийн гэмтлийг бууруулах, дахин сэдрээхгүй байх, хохирогч хүүхэдтэй ярилцах арга зүйд мөрдөгч, прокуроруудыг дадлагажуулах;

- “Хүн худалдаалах, бэлгийн мөлжлөг, бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн насанд хүрээгүй гэрч, хохирогчтой сэтгэцийн гэмтэлд суурилсан хандлагаар хэрхэн харилцах, мэдүүлэг авахад анхаарах асуудал”-ын талаар зөвлөмж боловсруулан, гарын авлага гаргаж, аймаг, Нийслэл, дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, хэлтэст насанд хүрээгүй гэрч, хохирогчтой ярилцлага хийх, мэдүүлэг авах тусгай өрөө байгуулахаар төлөвлөсөн байна.