МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ХИЛ ОРЧМЫН ПРОКУРОРЫН ГАЗРУУДЫН 10 ДАХЬ УДААГИЙН УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ

A- A A+
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ХИЛ ОРЧМЫН ПРОКУРОРЫН ГАЗРУУДЫН 10 ДАХЬ УДААГИЙН УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-ын Ардын дээд прокурорын газар хооронд 2019 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хил орчмын нутагт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, энэ чиглэлээр хоёр улсын хил залгаа аймаг, мужийн прокурорын газрууд хамтран ажиллах асуудлыг харилцан тохирч шийдвэрлэсэн.

Энэхүү гэрээний хүрээнд зохион байгуулагддаг Монгол Улс, БНХАУ-ын хил орчмын прокурорын газруудын 10 дахь удаагийн уулзалт өнөөдөр /2023.10.17/ Дорноговь аймагт эхэллээ.

Уулзалтад Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Баянжаргал, Тамгын хэлтсийн дарга Ш.Эрдэнэбилэг, Дорноговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Алдархишиг, БНХАУ-ын ӨМӨЗО-ын Ардын прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ли Жиан, Ордос хотын Ардын прокурорын газрын ерөнхий прокурор Ян Ши Линь, Шилингол аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Цао Зи Ган, Эрээн хотын Ардын прокурорын газрын ерөнхий прокурор Лю Жүнь нар болон бусад албаны хүмүүс оролцож байна.

Энэ удаагийн уулзалтаар хил орчмын нутагт үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, ялангуяа мансууруулах бодис, мөнгө угаах, хүрээлэн буй орчны эсрэг болон эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэргийн талаар мэдээлэл солилцоно.

Мөн эрүүгийн хэрэгт харилцан илгээж буй эрх зүйн туслалцааны хүсэлтүүдийг шуурхай гүйцэтгэх, гэмт хэрэг үйлдэж оргон зайлсан хүн, хууль бус хөрөнгө, орлогыг шилжүүлэн авахад дэмжлэг үзүүлэх, хил орчмын байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.