Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2022 онд гэр бүл, хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөлийг судалж, тус дүүргийн хороодын дунд “Өрх бүр хүчирхийлэлгүй” аяныг зохион байгуулсан.
Гэвч энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн гаралт буураагүй байна. Тодруулбал, 2023 оны есдүгээр сарын байдлаар тус дүүргийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн шинжтэй 106, зөрчлийн талаарх 449 дуудлага, мэдээлэл шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 5.6 хувиар, зөрчил 3.5 хувиар тус тус өсжээ.
Тиймээс Сүхбаатар дүүргийн прокурорын газар, дүүргийн Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газраас хороодын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиг үүрэг бүхий хамтарсан багуудын үйл ажиллагааг шалгасан байна.
Тус шалгалтаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалах ажиллагаа, зохион байгуулсан нөлөөллийн ажил, холбогдох хууль, журмын хэрэгжилтийн байдалтай танилцахад, зарим багууд тодорхой ажил хийгээгүй, өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллаагүй зөрчил илэрч, тухайн багуудад прокурорын мэдэгдэл хүргүүлсэн байна.
Харин хамтарсан багуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг сайжруулах үүднээс идэвх, санаачилагатай ажилласан багуудыг шагнаж урамшуулжээ.
Мөн цаашид хамтарсан багуудаас зохион байгуулах гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын чиглэлийн урьдчилан сэргийлэх ажилд салбар зөвлөл болон хуулийн байгууллагууд хамтран оролцохоор болсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба