Дорнод аймгийн прокурорын газраас аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хүүхэд хохирсон гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг 2023 оны эхний 9 сарын байдлаар судалжээ. Судалгаагаар гэмт хэргийн улмаас 35 хүүхэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч, хохирсон хүүхдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа нөхцөл байдал тогтоогдсон байна. Тиймээс хүүхдийн эрхийн талаар хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд таниулан сурталчлах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Эрсдэлээс ирээдүйгээ аваръя” аяныг зохион байгуулж эхэлжээ.
Аяны хүрээнд прокурорууд төрийн болон төрийн бус байгууллагууд, сургууль, багш, эцэг, эх, асран хамгаалагчтай хамтарч өсвөр насны хүүхдүүдэд хууль эрх зүйн мэдлэг олгон, эрх, үүргийг нь ойлгуулан таниулж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ажлуудыг үе шаттай зохион байгуулах аж.
“Эрсдэлээс ирээдүйгээ аваръя” аяныг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд тус аймгийн хэмжээнд зохион байгуулах юм.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба