Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагч нарт хүний эрх, ялангуяа эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн чиглэлээр нэгдсэн ойлголт өгөх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, түүний хор аюулыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор сургагч багш нарыг бэлтгэж байна.
Тодруулбал, УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн, Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалтыг өнөөдрөөс эхлэн /2023.10.31/ зохион байгуулж байгаа бөгөөд ХЭҮК, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Дотоод хэргийн их сургуулийн 45 хүн хамрагдаж байна.
Прокурорын байгууллагаас Монгол Улсын нэгдэн орсон эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын гэрээ, конвенц болон үндэсний хууль, тогтоомж, энэ төрлийн гэмт хэргийн хяналт, шийдвэрлэлтийг 2023 онд судалсан. Сургалтаар тус судалгааны дүнг танилцуулахаас гадна эрүү шүүлтийн төрөл хэлбэр, насанд хүрэгчдэд багшлах арга зүйн талаар мэдээлэл өгөх ажээ.
Сургалт 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба