ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН СҮЛЖЭЭНИЙ НЭГДСЭН УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО

A- A A+
ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН СҮЛЖЭЭНИЙ НЭГДСЭН УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО

Нидерландын Вант Улсын Гааг хотноо 2023 оны 10 дугаар сарын 23-наас 25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Зүүн Өмнөд Азийн хуулийн байгууллагуудын сүлжээ /SEAJust/-ийн гишүүн орнуудын нэгдсэн уулзалтад Монгол Улсын ерөнхий прокурорын газрын төлөөлөл оролцлоо.

Энэ удаагийн уулзалтаар SEAJust-ийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC)-аас байгуулагдсан бүс нутгийн бусад сүлжээ байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллах асуудлыг онцлон хэлэлцсэн байна.

Тухайлбал, Европын хуулийн байгууллагуудын сүлжээ /EUROJUST/, Европын Холбооны Хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааны агентлаг (Europol), Камден хөрөнгийн нөхөн сэргээх агентлаг хоорондын сүлжээ (CARIN) зэрэг байгууллагуудын чиг үүрэг, үйл ажиллагааны талаар танилцуулж, гишүүн улс орнуудын 2 талт болон олон талт уулзалтуудыг зохион байгуулжээ.

Эдгээр байгууллагууд нь эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, гэмт хэрэг үйлдсэн, хорих ял шийтгүүлсэн хүнийг шилжүүлэх асуудлаар гишүүн улс орнуудыг олон улсын гэрээ, конвенцод нэгдэн орсон эсэхээс үл хамааран шууд харилцах, шуурхай мэдээлэл солилцох боломжийг олгодог давуу талтай юм.