1. ХИЛ ОРЧМЫН ПРОКУРОРЫН ГАЗРУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хил орчмын прокурорын газруудын уулзалт Дорноговь, Сүхбаатар аймагт болж, тус аймгуудад байрладаг Замын-Үүд, Ханги, Бичигт хилийн боомтын бүсүүдэд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ялангуяа мөнгө угаах, хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар онцлон ярилцаж, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
2. ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН СҮЛЖЭЭНИЙ НЭГДСЭН УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО
Нидерландын Вант Улсын Гааг хотноо зохион байгуулагдсан Зүүн Өмнөд Азийн хуулийн байгууллагуудын сүлжээ /SEAJust/-ийн гишүүн орнуудын нэгдсэн уулзалтад Монгол Улсын ерөнхий прокурорын газрын төлөөлөл оролцож, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, гэмт хэрэг үйлдсэн, хорих ял шийтгүүлсэн хүнийг шилжүүлэх асуудлаар НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC)-аас байгуулагдсан Европын Холбооны бусад сүлжээ байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах талаар туршлага, мэдээлэл солилцлоо.
3. “ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТҮНШЛЭЛИЙН КОМПАКТ ГЭРЭЭ”-НИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ТАНИЛЦУУЛАВ
Монгол Улс болон АНУ-ын Засгийн газар хооронд 2020 онд байгуулсан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-ний хүрээнд, хүн худалдаалах, бэлгийн мөлжлөг, бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, олон улсын туршлагыг нэвтрүүлэх, хохирогчид үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр прокурорын байгууллагаас авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, түүний үр дүнг АНУ-ын Төрийн Департментын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх газрын төлөөлөгчдөд танилцуулж, цаашид хийхээр төлөвлөж буй ажлын талаар мэдээлэл өглөө.
4. “НАРАНТУУЛ”-Д ҮЙЛДЭГДЭЖ БАЙГАА ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ГАРАЛТЫГ БУУРУУЛАХ ЗОРИЛГООР НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023 он гарсаар “Нарантуул” олон улсын худалдааны төвд үйлдэгдсэн гэмт хэргийн шинжтэй 316 зөрчлийн шинжтэй 95 гомдол, мэдээлэл шалгагдсан байна. Баянзүрх дүүргийн прокурорын газраас тус худалдааны төвд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн гаралт, нөхцөл байдалд дүгнэлт хийж, холбогдох арга хэмжээг авч ажилласан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба