Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас харьяа нутаг дэвсгэрийн хэмжээн дэх зөрчлийн хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг судлахад төрийн албан хаагч иргэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүүхдийн эрх зөрчих тохиолдол цөөнгүй байгаа нь тогтоогдсон байна.
Тиймээс тус прокурорын газар энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зарим төрийн байгууллагуудад прокурорын мэдэгдэл хүргүүлж, эрх зүйн мэдлэг, мэдээлэл түгээх арга хэмжээг зохион байгуулж эхэлжээ.
Тус ажлын хүрээнд Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсгийн харьяа Замын-Үүд эргэх депогийн захиргаатай хамтран ажилчдын гэр бүлийн өдөрлөгийг хийж, холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгсөн байна.
Цаашид бусад төрийн байгууллагууд болон ерөнхий боловсролын сургуулийн ажилтан, албан хаагчдад зориулсан сургалтыг үргэлжлүүлэн явуулах аж.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба