Прокурорын байгууллага 2023 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 34 байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл хүргүүллээ. Тухайлбал:
- Нийслэлийн прокурорын газраас “М”, “С”, “К” Их, дээд сургуулиуд гадаад багш, оюутнуудын Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлж, хугацааг сунгуулах арга хэмжээ аваагүй зөрчилтэй холбоотойгоор цаашид дахин гаргахгүй байхад анхаарч ажиллах талаар тус сургуулийн удирдлагуудад,
- Увс аймгийн прокурорын газраас Хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөлийг судалж, хүүхдийн эрхийн тухай хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулах, хүүхдийн эрхийг хамгаалахад төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах талаар аймгийн Засаг даргад болон Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газарт,
- Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ц” дэлгүүр нь 21 насанд хүрээгүй хүнд архи, согтууруулах ундааны зүйлээр үйлчилсэн гэх зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар тухайн аж ахуйн нэгжийн удирдлагад тус тус прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлжээ.
Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба