Улсын хэмжээнд 2023 оны аравдугаар сарын байдлаар 364.931 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь есөн сартай харьцуулахад 25.4 хувиар өсжээ.
Нийт зөрчлийн хэргийн 73.9 хувь нь Нийслэлд, 26.1 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол Цагдаагийн байгууллага 96 хувийг, Гадаадын иргэн, харьяатын газар 0.2 хувийг, Татварын байгууллага 0.9 хувийг, Онцгой байдлын газар болон Гаалийн байгууллага тус бүр 0.01 хувийг шалгаж, бусад байгууллага 3.5 хувийг нь шалгаж, шийдвэрлэжээ.
Дээрх хугацаанд 351.446 хүн, 803 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн байна. Есдүгээр сартай харьцуулахад шийтгэл оногдуулсан хүн 27.1 хувиар өсөж, хуулийн этгээд 2.7 хувиар буурчээ.
Зөрчил үйлдсэн хүмүүсийн 75.6 хувь нь эрэгтэй, 24.4 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол 66.1 хувь нь 26-45 насныхан байна.
Зөрчлийн хэргийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд 3.4 тэрбум төгрөгийн хохирол учирсан нь өмнөх сараас 10.4 хувиар өссөн. Үүнээс 2.2 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлөгджээ.
Аравдугаар сард Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 70.9 хувиар, Танхайрах зөрчил 39.7 хувиар, Хулгайлах зөрчил 35.7 хувиар тус тус өссөн бол Гаалийн тухай хууль зөрчих зөрчил 9.2 хувиар, Хүний биед халдах зөрчил 8.7 хувиар буурсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба