ХӨНГӨН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮД БОЛОН ТЭДНИЙ ЭЦЭГ, ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ НАРТ ЗОРИУЛСАН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

A- A A+
ХӨНГӨН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮД БОЛОН ТЭДНИЙ ЭЦЭГ, ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ НАРТ ЗОРИУЛСАН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүүхдийг гэм бурууг нь ухамсарлуулах, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах зорилгоор ял оногдуулахгүйгээр тэнсэж нэгээс гурван жил хүртэл хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авдаг.

Баян-Өлгий аймгийн прокурорын газраас тус аймгийн хэмжээнд шүүхээс  хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүүхдүүдийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах үүднээс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран “Хүүхэд бидний ирээдүй” өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгт хүүхдүүд болон тэдний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч зэрэг 100 гаруй хүн оролцож, холбогдох хууль тогтоомжийн талаар зөвлөгөө, мэдээлэл авсан байна.

Мөн гэр бүл, нийгмийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэх, хүүхдийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, энэ талаар эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх асуудлаар чөлөөт ярилцлага хийж, санал бодлоо солилцжээ.