Тайландын хаант улсын нийслэл Бангкок хотноо 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн зохион байгуулагдсан Оюуны өмчийн гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээний /IPCEN/ долоодугаар хуралд Монгол Улсын ерөнхий прокурорын газрын төлөөлөл оролцлоо.
Тус уулзалтад Солонгос, Малайз, Индонез, Филиппин, Энэтхэг, Вьетнам зэрэг зүүн өмнөд азийн 12 улсын 50 гаруй төлөөлөгчид оролцож, оюуны өмчийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал, дотоодын хууль тогтоомж, эрх зүйн тогтолцоо, тухайн гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар мэдээлэл солилцсон байна.
Мөн оюуны өмч болон хиймэл оюун ухааны харилцан хамаарал, компьютер, мэдээллийн технологи ашиглан үйлдсэн оюуны өмчийн эсрэг гэмт хэргийг шалгаж, шийдвэрлэсэн тохиолдол, эрх зүйн орчны шинэчлэлийн асуудлаар харилцан туршлага судалсан нь өмнөх уулзалтуудаас онцлог ач холбогдолтой болсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба