Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй прокурорын байгууллагын төлөөлөгчид 2023 оны 11 дүгээр сарын 06-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Шанси мужийн Шиань хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын ерөнхий прокуроруудын 21 дэх удаагийн чуулга уулзалтад ажиглагчаар оролцлоо.
Чуулга уулзалтад Хятад, Орос, Энэтхэг, Казахстан, Киргиз, Таджикистан, Узбекистан, Иран, Пакистан зэрэг ШХАБ-ын гишүүн орны ерөнхий прокурорууд оролцож, бүс нутгийн прокурорын байгууллага хооронд мэдээлэл, туршлага солилцох, мөнгө угаах, авлига, үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд улс орон бүр хүчин чармайлт гаргаж, хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар онцлон хэлэлцсэн байна.
Мөн чуулганы үеэр Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан БНХАУ-ын Ардын дээд прокурорын газрын ерөнхий прокурор Ин Ёнтой уулзалт хийж, хоёр улсын прокурорын байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцон, нүүрс тээвэрлэлт, экспорттой холбоотой хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл, баримт бичгийг гаргуулан авахаар тус улсын эрх бүхий байгууллагад хүргүүлсэн эрх зүйн туслалцааны хүсэлтүүдийг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүссэн байна.
БНХАУ-ын Ардын дээд прокурорын газрын ерөнхий прокурор Ин Ён хоёр тал эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, хил орчмын прокурорын байгууллагууд харилцан туршлага солилцох, прокуроруудыг чадавхжуулах чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж байгааг онцолж, цаашид улам бүр идэвхжүүлж, бүхий л талаар дэмжихээ илэрхийлэв.
Уулзалтын төгсгөлд Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан БНХАУ-ын ерөнхий прокурор Ин Ёнийг 2024 онд болох Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан манай улсад айлчлахыг урьсныг талархан хүлээн авсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба