“ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫН ТОГТОЛЦОО, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ, ХУУЛЬЧ ЭРДЭМТНИЙГ АЛДАРШУУЛЛАА

A- A A+
“ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫН ТОГТОЛЦОО, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ, ХУУЛЬЧ ЭРДЭМТНИЙГ АЛДАРШУУЛЛАА

УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн /ССХ/, Монголын Хуульчдын холбоо /МХХ/ хамтран “Хуульчдад зориулсан сургалтын тогтолцоо, шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын даргын ахлах зөвлөх, Монгол Улсын Гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Д.Лүндээжанцан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх эрдэм шинжилгээ, судалгаа, хууль зүйн дээд боловсрол”, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Шүүхийн сургалтын төвийн дарга Г.Халиунаа “Шүүгчийн сургалт”, УЕПГ-ын дэргэдэх ССХ-ийн хяналтын прокурор, МХХ-ны Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хорооны дарга, доктор Б.Өнөрмаа “Хуульчийн сургалтын хөтөлбөр, хэрэгжилт, хуульчдын оролцоо”, мөн хүрээлэнгийн Сургалтын албаны дарга, ахлах прокурор Ц.Насанбат “Прокурорын сургалт” сэдвээр тус тус илтгэл танилцууллаа.

Мөн Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, Улсын дээд шүүхийн шүүгч, МХХ-ны Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хорооны гишүүн Г.Банзрагч, УЕПГ-ын ССХ-ийн захирал, доктор, дэд профессор Б.Бат-Орших, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш, доктор Т.Золбоо, МХХ-ны Тамгын газрын дарга Ш.Жолбарс нар хуульчдад зориулсан сургалтын тогтолцоо, шинэчлэлийн талаар байр сууриа илэрхийлж, хэлэлцүүлэг явууллаа.

Энэхүү арга хэмжээний хүрээнд “Хуульч эрдэмтнийг алдаршуулах” арга хэмжээг анх удаа зохион байгуулж, УЕПГ-ын дэргэдэх ССХ-ийн хяналтын прокурор, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаад хүндэтгэл үзүүллээ.

Прокурор Б.Өнөрмаа нь прокурорын байгууллага төдийгүй эрүүгийн эрх зүйн чиглэлээр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан анхны хуульч эмэгтэй бөгөөд эрдэм шинжилгээний олон арван бүтээлүүдийг эрхлэн гаргаж, хууль зүйн салбарын хэмжээнд бодит дэмжлэг болохуйц шинжлэх ухааны судалгааны ажлуудыг хийсэн юм.