ТӨМӨР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ, ЖУРМЫГ ЗӨРЧИЖ БУСДАД ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

A- A A+
ТӨМӨР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ, ЖУРМЫГ ЗӨРЧИЖ БУСДАД ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30.458, мөрдөн байцаалтын 4138 хэрэгт хяналт тавьж, нийт 284 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.    

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 151, Өмчлөх эрхийн эсрэг 69, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 30, Хүрээлэн байгаа орчны эсрэг 15, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10, Мөрийтэй тоглоом зохион байгуулах 5, Авлига, албан тушаалын 3, болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах тус бүр 3, Хүний амьд явах эрхийн эсрэг 2 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын газар зохион байгуулагчаар ажиллаж байсан О.С нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгсний хариуд хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1, 2 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

- Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн Цэргийн хөгжмийн сургуулийн захирал Д.О нь тус сургуульд элсэн орох шалгалтад тэнцээгүй хүүхдүүдийг сургуульд элсүүлсний хариуд хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

- Тээврийн прокурорын газраас “М” ХХК-ийн зааварлагч машинч Ж.Д, зүтгүүрийн ашиглалтын инженер Ж.Э, галт тэрэгний машинч З.Х, туслах машинч Н.Ц нар нь  Зүүнбаян өртөөнөөс Хулангийн шанд өртөө орох замд эд зүйл тээвэрлэн явахдаа хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчсний улмаас замаас гарч осолдон бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 27.2 дугаар зүйлийн 1 /Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд аюул учруулах/, 27.3 дугаар зүйлийн 1 /Төмөр замын, агаарын, усан замын тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журам зөрчих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

- Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас иргэн Б.О нь Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор түүх, соёлын дурсгалт зүйлийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 /Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус сум дахь сум дундын шүүхэд тус тус шилжүүлжээ.