ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТӨВЛӨРСӨН АРХИВ БАЙГУУЛАГДСАНЫ 20 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

A- A A+
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТӨВЛӨРСӨН АРХИВ БАЙГУУЛАГДСАНЫ 20 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсэн байгуулагдсаны 96, Прокурорын байгууллагад эрүүгийн хэргийн төвлөрсөн архив байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан прокурорын байгууллагын эрүүгийн хэргийн архивчдын нэгдсэн сургалтыг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтад Эрүүгийн хэргийн тусгай архив, аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын эрүүгийн хэргийн салбар архивын архивчид оролцож, шинэчлэн батлагдсан Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, холбогдох заавар, журмуудыг хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар мэдээлэл авлаа.

Мөн үйл ажиллагаандаа мэдээллийн технологийг нэвтрүүлэх, архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх аргачлалтай танилцаж,  Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Сургалт арга зүйн төвийн “Гамшгаас хамгаалах анхан шатны сургалт”-д хамрагдсан байна.

Ойн арга хэмжээний хүрээнд Эрүүгийн хэргийн тусгай архивын ахлах мэргэжилтэн Б.Зулжаргал, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын архивч С.Батсайхан нар “Прокурорын байгууллагын хүндэт тэмдэг”, Эрүүгийн хэргийн тусгай архивын ахлах зааварлагч Б.Янжинлхам, архивч Б.Ринчинханд нар Улсын ерөнхий прокурорын газрын “Жуух бичиг”, Архангай, Увс аймгийн прокурорын газрын архивч Ж.Мөнхжаргал, Б.Буяннэмэх нар Улсын ерөнхий прокурорын газрын “Өргөмжлөл”, Эрүүгийн хэргийн тусгай архив, Баянзүрх дүүргийн прокурорын газрын архивч Г.Анхбаяр, С.Жаргалсүрэн нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Өргөмжлөл”, Эрүүгийн хэргийн тусгай архивын архивч Ц.Баярсайхан Батлан хамгаалахын тусгай архивын шагналаар тус тус шагнагджээ.

Прокурорын байгууллагын түүхэн үйл баримт, бүтээн байгуулалт, эрүүгийн хэргийн баримтуудыг хадгалан, хамгаалж байгаа архивч нартаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

Амьдрал ус мэт урсан  өнгөрнө
Архив уул мэт сүндэрлэн үлдэнэ