ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ БУЦААН АВАХ ТАЛААР ОЛОН УЛСЫН ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО

A- A A+
ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ БУЦААН АВАХ ТАЛААР ОЛОН УЛСЫН ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО

Монгол Улсын хууль сахиулах, прокурорын байгууллагын төлөөлөл  Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотноо 2023 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Хууль бус хөрөнгийг буцаан авах Ази-Номхон далайн байгууллагуудын сүлжээ /ARIN-AP/-ний Нэгдсэн хуралдаад оролцлоо.

Тус сүлжээ нь зөвхөн бүс нутгийн орнуудаар хязгаарлагдахгүйгээр Интерпол, БНСУ-ын Криминологийн хүрээлэн (KIC), НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Дэлхийн банк зэрэг бусад байгууллагуудтай хамтран өргөн хүрээнд хамтран ажилладаг бөгөөд удирдах зөвлөлийн 15 улсын бүрэлдэхүүнд Монгол Улс багтдаг.

Энэ удаагийн хуралдаан  “Гэмт хэргийн замаар бий болсон хөрөнгө, орлогыг үр дүнтэй хураан авахад хамтран ажиллах нь” сэдвийн хүрээнд явагдаж, оролцогч улс орны цагдаа, прокурор болон хөрөнгийн менежмент хариуцсан байгууллагууд криптовалютийг мөшгөх, буцаан авах, хулгайлагдсан хөрөнгийн менежментийн талаар харилцан туршлага, мэдээлэл солилцлоо.

Мөн хуралдааны үеэр Монгол Улсын прокурорын байгууллагын төлөөлөл Тайландын Хаант Улсын ерөнхий прокурорын газартай хамтран уулзалт зохион байгуулав.

Тус уулзалтаар хоёр орны прокурорын байгууллага хооронд 2015 онд байгуулсан “Хамтран ажиллах тухай санамж бичиг”-ийн хэрэгжилтийн асуудлаар санал солилцон, тус санамж бичигт зохих нэмэлт өөрчлөлт оруулж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр харилцан тохиролцлоо.

Хууль бус хөрөнгийг буцаан авах Ази-Номхон далайн байгууллагуудын сүлжээ /ARIN-AP/ нь хууль бус хөрөнгийг мөшгих, битүүмжлэх, хураан авах, холбогдох бусад  мэдээллийг харилцан солилцох замаар гадаад улсад байрлах хууль бус хөрөнгийг үр дүнтэй буцаан авах чиглэлд хамтран ажиллах, уг ажлыг хариуцсан хууль сахиулах, шүүх, прокурорын байгууллагын албан хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх, сайн туршлагыг дэлгэрүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулах зорилгоор 2013 онд байгуулагджээ.  

Жил бүр зохион байгуулдаг үйл ажиллагааг гишүүн орнууд нь ээлжлэн хариуцан зохион байгуулж, даргалах зарчмаар ажилладаг бөгөөд 2019 онд Монгол Улсад зохион байгуулагдаж байсан. Дараагийн  Нэгдсэн хуралдаан  2024 онд Австрали Улсад болно.