ГААЛИЙН ХЯНАЛТЫН БҮСЭЭС БАРААГ ХЯНАЛТ ШАЛГАЛТГҮЙГЭЭР НЭВТРҮҮЛЖ БУСДАД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АЛБАН ТУШААЛТНУУДАД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

A- A A+
ГААЛИЙН ХЯНАЛТЫН БҮСЭЭС БАРААГ ХЯНАЛТ ШАЛГАЛТГҮЙГЭЭР НЭВТРҮҮЛЖ БУСДАД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АЛБАН ТУШААЛТНУУДАД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 12 дугаар сарын 04-нөөс 08-ны өдрүүдэд нийт 279 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.    

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 127, Өмчлөх эрхийн эсрэг 84, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 23, Хүрээлэн байгаа орчны эсрэг 16, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Хүний амьд явах эрхийн эсрэг 7, Мөнгө угаах 3, Авлига, албан тушаалын болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, Мөрийтэй тоглоом зохион байгуулах тус бүр 2 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн ахлах нягтлан бодогч Б.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, өөрийн нэгдмэл сонирхолтой “Б” ХХК-иар дамжуулан худалдан авалт хийж, өөртөө давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Гаалийн газрын Чөлөөт бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч О.О, гаалийн улсын байцаагч Ш.Г, П.М, Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн ахлах шалгагч Т.Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, М.Х, Ү.С нарын барааг гаалийн хяналтын бүсээс хяналт шалгалтгүйгээр нэвтрүүлж давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Баянхонгор аймгийн прокурорын газраас өмгөөлөгч Т.П нь мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн Л.Л-д өмгөөллийн үйл ажиллагаа үзүүлэн, хэргийн оролцогчоор оролцохдоо гэмт хэрэгт хамтран оролцсон И.Б, Б.М нарт давуу байдал бий болгож, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 21.14 дүгээр зүйлийн 2 /Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас иргэн Б.С нь Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор түүх, соёлын дурсгалт зүйлийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 /Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус сум дахь сум дундын шүүхэд тус тус шилжүүлжээ.