Хан-Уул дүүргийн хэмжээнд 2023 онд бүртгэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн 36.4 хувийг хүний хувийн мэдээллийг ашиглан цахим мэдээллийн хэрэгслээр бусдыг залилсан гэмт хэрэг эзэлж байна.
Тиймээс тус дүүргийн прокурорын газраас цаашид иргэдийг дээрх төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, хүний хувийн мэдээллийн нууцлалыг хангах зорилгоор дүүрэг дэх цагдаагийн газартай хамтран, хүний хувийн мэдээллийг цуглуулдаг, боловсруулдаг, ашигладаг банк, санхүү, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийжээ.
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон “Хүний эмзэг мэдээлэл, генетик болон биометрик мэдээлэл боловсруулахад баримтлах технологийн аюулгүй байдлын шаардлага, журам”-д дээрх байгууллагуудын хүлээх үүрэг, мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой заасан байдаг бөгөөд уулзалтын хүрээнд энэ талаар ярилцаж, санал солилцсон байна.
Тодруулбал, нууцлал хамгаалахтай холбоотойгоор мэдээллийн эзэнтэй гэрээ байгуулах, мэдээллийг алдаж бусдад задруулсан тохиолдолд учирсан хохирлыг арилгах, мэдээллийн нууцлалыг хамгаалах технологийн шаардлагыг хангаж ажиллах зэрэг асуудлаар мэдээлэл өгч, дүүргийн прокурорын газраас зөвлөмж хүргүүлэхээр болжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба