Та бүхэнд 2023 онд Прокурорын байгууллагад болж өнгөрсөн онцлох ажлуудыг хүргэж байна.
1. ОЛОН УЛСЫН ПРОКУРОРУУДЫН ХОЛБООНЫ “ГИШҮҮН-БАЙГУУЛЛАГА” БОЛЛОО
Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотноо зохион байгуулагдсан Олон Улсын Прокуроруудын Холбооны 28 дугаар чуулга уулзалтад оролцож, тус Холбооны албан ёсны “гишүүн-байгууллага” боллоо.
2. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН СҮЛЖЭЭ /SEAJUST/-НИЙ ГИШҮҮН БОЛЛОО
Зүүн Өмнөд Азийн хуулийн байгууллагуудын сүлжээ /SEAJust network/-ний Ээлжит бус нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын ерөнхий прокурорын газрыг тус сүлжээнд нэгдэн орох асуудлыг хэлэлцэж, гишүүн орноор элсүүллээ.
3. НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛЖ, ЗӨРЧИГДСӨН ЭРХИЙГ СЭРГЭЭХ ЗОРИЛГООР ТОМООХОН АЖЛЫН ХЭСГҮҮДИЙГ БАЙГУУЛЛАА
Прокурорын байгууллагаас нийтийн ашиг сонирхлыг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, боловсролын зээлийн сан, автобус худалдан авах ажиллагаа, үер, усны аюултай нөхцөл байдалд хүргэсэн газар олголт, гадаадын хөрөнгө оруулагчтай холбоотой болон зохион байгуулалттай үйлдэгдсэн зэрэг нийгэмд хүлээлт үүсгэсэн, олны анхаарал татсан хэргүүдийг шалгах ажлын хэсгүүдийг байгуулж, шуурхай шийдвэрлэх арга хэмжээг авч ажиллаа.
4. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАД АЖИГЛАГЧААР ОРОЛЦЛОО
Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй прокурорын байгууллагын төлөөлөгчид БНХАУ-ын Шанси мужийн Шиань хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын ерөнхий прокуроруудын 21 дэх удаагийн чуулга уулзалтад ажиглагчаар оролцож, БНХАУ-ын Ардын дээд прокурорын газрын ерөнхий прокурор Ин Ёнтой уулзалт хийлээ.
5. ШВЕЙЦАРЬ, КАНАД БОЛОН МАКАОГИЙН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
Монгол Улсын прокурорын байгууллагын төлөөлөгчид Швейцарын Холбооны Улсын ерөнхий прокурор Стефан Блаттлертай, Канад Улсын ерөнхий прокурорын орлогч, хатагтай Кэтлин Руссель, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаогийн ерөнхий прокурор Ип Сон Санг тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийж, цаашид өргөн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо.
6. ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО
Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо зохион байгуулагдсан Интерполын Ерөнхий ассамблейн 91 дүгээр чуулга уулзалт, Интерпол үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээнд Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй прокурорын байгууллагын төлөөлөгчид оролцож, тус байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцлоо.
7. ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БОЛЛОО
Прокурорын байгууллагын цахим хуудсаар дамжуулан зөрчлийн болон эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох чиг үүргийн хүрээнд хийсэн ажлын нарийвчилсан тоон мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэдэг боллоо.
8. МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛСИЙГ ХИЛ, ГААЛИЙН ХЯНАЛТЫН БҮС, ОНГОЦНЫ ТАСАЛБАР ДЭЭР БАЙРШУУЛЛАА
Тээврийн прокурорын газраас хил, гаальтай холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хилээр нэвтрэхэд анхаарах зүйлсийг Монгол, Англи хэл дээр бэлтгэн “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын хүлээлгийн танхим, хил, гаалийн хяналтын бүс, онгоцны тасалбар дээр “QR” хэлбэрээр байршуулах ажлыг зохион байгууллаа.
9. ХУУРТАХГҮЙ БОЛ АЛДАХГҮЙ АЯНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Баянгол дүүргийн прокурорын газраас Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Хууртахгүй бол АЛДАХГҮЙ” аяныг 1 сарын хугацаанд амжилттай зохион байгуулж, давхардсан тоогоор 1 сая орчим иргэнд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэлээ.
10. “ШИХИХУТУГ” ИХ СУРГУУЛЬ, ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлах, боловсронгуй болгох чиглэлээр санал, дүгнэлт боловсруулах, эрдэм шинжилгээний бүтээл, сурах бичиг туурвих, оюутан суралцагчдад хууль хэрэглээний дадлага чадвар эзэмшүүлэх зэргээр хамтран ажиллахаар“Шихихутуг” их сургууль, Дотоод хэргийн их сургуулиудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
11. ХӨРӨНГӨ БУЦААХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ГАРЫН АВЛАГА ГАРГАЛАА
Гадаад улс, орнуудын Хөрөнгө буцаан авах ажиллагааны сайн туршлагыг нэвтрүүлж, шүүгч, прокурор, хууль сахиулах байгууллагын ажилтнуудыг энэ чиглэлээр чадавхжуулахад хувь нэмэр оруулах ач холбогдол бүхий гарын авлагыг бэлтгэн гаргаж, албан хэрэгцээнд ашиглаж эхэллээ.
12. ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТӨВЛӨРСӨН АРХИВ БАЙГУУЛАГДСАНЫ 20 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЛОО
Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсэн байгуулагдсаны 96, Прокурорын байгууллагад эрүүгийн хэргийн төвлөрсөн архив байгуулагдсаны 20 жилийн ой болж, ажилдаа амжилт гаргасан хүмүүсийг шагнаж, урамшуулан, архивчдын нэгдсэн сургалтыг зохион байгууллаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба