УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Б.Долгионтой сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах буюу шүүхийн шийдвэргүйгээр баривчлахтай холбоотой асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын чуулганы өнгөрсөн сарын 17-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг баталсан. Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр “Хүнийг шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорьдог, баривчлах шаардлагагүй иргэнийг 48 сар хорьж, дур зоргоор баривчлах явдлыг зогсоосон” гэж УИХ-ын гишүүн С.Одонтуяа манай сонинд ярьсан. Прокурорын байгууллагын зүгээс энэ өөрчлөлтийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог. Тийм ч учраас хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдах, эрх чөлөөг нь хязгаарлах бүхий л үйл ажиллагааг, үүний дотор хүнийг баривчлах, цагдан хорих ажиллагааг хуульд тусгайлан зохицуулсан байдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлтэй баривчлах ажиллагааг зохицуулсан байдаг бол 31.5 дугаар зүйлд мөрдөгч сэжигтнийг баривчлах ажиллагааг шүүхийн зөвшөөрөлгүйгээр явуулж болохоор заасан. Энэ нь тухайн сэжигтнийг баривчилж байгаа үндэслэл, цаг хугацааны байдлаас хамаарч баривчлах ажиллагааг шүүхийн зөвшөөрөлтэй, эсхүл зөвшөөрөлгүйгээр хоёр янзаар явуулж болохоор хуульчилсан гэсэн үг юм. Тодруулбал, сэжигтнийг шөнө, оройн цагаар, эсхүл амралтын болон бүх нийтээр амрах баяр, тэмдэглэлт өдөр гэмт хэрэг үйлдэж байх үед, үйлдсэн дор нь барьсан, бие, хувцас, орон байр, тээврийн хэрэгслээс нь гэмт хэргийн ул мөр илэрсэн, тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд заасан, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах, сэжигтэн, яллагдагч оргон зайлах, хэргийн ул мөр, эд мөрийн баримт устах, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдэх бодит аюул байгаа зэрэг хуульд заасан хойшлуулшгүй тохиолдолд баривчлах ажиллагааг шүүхийн зөвшөөрөлгүйгээр явуулдаг. Энэ нь тухайн хэргийг шуурхай илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааг цаг хугацаа алдалгүй явуулахын тулд мөрдөгч хуулиар олгогдсон эрхийн хүрээнд явуулдаг ажиллагаа юм.
-Гэвч шүүхийн шийдвэргүйгээр баривчилж, хүний эрхийг зөрчиж байгаа талаар НҮБ-ын тусгай төлөөлөлөгч мэдэгдсэн. Бусад хүний эрхийн байгууллагууд ч энэ асуудлыг дурдсаар байгаа шүү дээ?
-Дээрх тохиолдолд прокурор сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан мөрдөгчийн шийдвэрийг шүүхэд даруй хүргүүлж, шүүх 24 цагийн дотор шийдвэрлэдэг. Сүүлийн гурван жилийн дунджаар нийт баривчлагдсан сэжигтний 98.6 хувийг уг хуулийн зохицуулалтын дагуу шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан байна. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнийг дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, оргон зайлсан, дахин гэмт хэрэг үйлдэх, нотлох баримтыг устгах, өөрчлөх, гэрч хохирогчийг дарамтлах, сүрдүүлэх, амь нас, эрүүл мэндэд нь халдах зэрэг үндэслэл байгаа тохиолдолд прокурор мөрдөгчийн саналын дагуу сэжигтнийг баривчлах саналыг шүүхэд танилцуулж, шүүхийн зөвшөөрлөөр баривчлах ажиллагааг явуулдаг зохицуулалт бий.
Цагдан хорих арга хэмжээ бол баривчлахаас өөр асуудал. Гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож яллагдагчаар татагдсан хүнд авдаг таслан сэргийлэх арга хэмжээний нэг төрөл бөгөөд шүүхийн шийдвэргүйгээр хүнийг цагдан хорих хууль зүйн боломжгүй. Улсын хэмжээнд жилд дунджаар 15 мянга орчим хүн гэмт хэрэгт холбогдож яллагдагчаар татагдан шалгагдсан байна. Үүнээс 5-6 орчим хувьд нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
-Тэгэхээр таны сая ярьсантай холбон үзэхэд сэжигтнийг баривчлах болон цагдан хорих хугацаа бас өөр хоорондоо ялгаатай байна гэсэн үг үү?
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар сэжигтнийг баривчлах ажиллагаа 48 цагаас хэтэрч болохгүй. Хуульд заасан 48 цагийн хугацаа дуусч, үргэлжлүүлэн цагдан хорих шүүхийн шийдвэр дахиж гараагүй тохиолдолд прокурор, эсвэл баривчлах байрны дарга цагдан хоригдсон хүнийг суллах үүрэгтэй. Энэ үүргээ бүрэн хэрэгжүүлж ажилладаг.
Яллагдагчаар татагдсан хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хугацаа нь тухайн хүний холбогдсон хэргийн нөхцөл байдлаас шалтгаалж өөр өөр байдаг. Нийт хугацаа нь Эрүүгийн хуульд заасан хорих ялын дээд хэмжээнээс хамаарч 12-18 сар хүртэл байдаг. Дээр дурдсанчлан, хуульд заасан тодорхой үндэслэл, журмын дагуу баривчлах, шүүхийн шийдвэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах асуудлыг зарим улстөрчид илэрхий гуйвуулж “хүнийг шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорьдог, дур зоргоор баривчилдаг, баривчлах шаардлагагүй хүнийг 48 сар хорьсон” гэсэн агуулга бүхий үндэслэлгүй, буруу ташаа ойлголтыг иргэд, олон нийтэд өгч байна. Энэ нь холбогдох хуулийн зохицуулалтыг сайтар ойлгож судлан, дүгнэлт хийгээгүйтэй холбоотой юм болов уу гэж харж байна.
-Гэхдээ бодит амьдрал дээр хүний эрх зөрчигдсөн асуудлууд байгаа шүү дээ. НҮБ-ын шинжээчийн мэдэгдэл гэдэг хариуцлагатай, албан ёсны, үнэн мэдээлэл гэж хүлээж авсан?
-Судалгаанаас үзвэл, сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа сүүлийн жилүүдэд харьцангуй буурсан үзүүлэлттэй байгаа. Тухайлбал, 2023 онд шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан хүний тоо өмнөх оноос 15.2 хувиар буурсан. НҮБ-ын дур зоргоор баривчлан саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг 2022 онд Монгол Улсад ажиллаж гаргасан урьдчилсан дүгнэлтэндсэжигтнийг баривчлах ажиллагаа шүүхийн урьдчилсан хяналтгүйгээр явагдаж байна гэсэн асуудал хөндөгдсөн.
Ажлын хэсгийн зүгээс улс орнуудын хууль тогтоомжийн ялгаатай байдал, магадгүй орчуулгын алдаанаас хамаарч манай улсын хуульд сэжигтнийг баривчлах ажиллагааг бүхэлд нь шүүхийн зөвшөөрлөөр явуулдаг гэсэн зөрүүтэй ойлголт авч, мэдээлэл өгсөн байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ НҮБ-ын дур зоргоор баривчлан саатуулах асуудал хариуцсан ажлын хэсгийн зөвлөмжид тусгагдсан “хүнийг баривчлах хугацааг тооцох, баривчлах ажиллагааг шүүхээр шийдвэрлүүлэх, шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагааны үндэслэлийг илүү тодорхой болгож, эрх зүйн орчинг боловсронгуй болгох” зэрэг асуудлуудад анхаарал хандуулж, тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа нь цаашид хүний эрхийг хангах, хамгаалахад эерэг үр дүн үзүүлнэ гэж үзэж байна.
Хамгийн сүүлийн жишээг дурдвал, УИХ-аас 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлтөд сэжигтнийг баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой хэд хэдэн шинэлэг зохицуулалтууд орсон. Тухайлбал, сэжигтнийг “шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах” гэснийг “хойшлуулшгүйгээр баривчлах” гэж нэр томьёог өөрчлөн, “хойшлуулшгүй” гэсэн ойлголтод чухам ямар нөхцөл байдлуудыг хамааруулах, мөн хүнийг хойшлуулшгүйгээр баривчлах үндэслэлийг нарийвчлан зааж, уг ажиллагааг шөнийн цагаас бусад цагт шүүх шийдвэрлэхээр заасан зэрэг нь хүний эрхийг хангахад чиглэсэн чухал алхам болсон.
Эх сурвалж: Өдрийн сонин №031/7397/
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба