Улсын хэмжээнд 2024 оны 2 дугаар сард 237.615 зөрчлийн хэрэг бүртгэгдсэнээс 72 хувь нь Нийслэлд, 27.9 хувь нь орон нутагт гарсан байна. Энэ нь нэгдүгээр сартай харьцуулахад 4.4 хувиар буурчээ.
Нийт зөрчлийн хэргийн 95.6 хувийг Цагдаагийн байгууллага, 0.07 хувийг Гадаадын иргэн, харьяатын газар, 0.06 хувийг Татвар, 0.05 хувийг Гааль, 0.01 хувийг Онцгой байдлын газар, 4 хувийг нь бусад байгууллагаас шалгаж, шийдвэрлэжээ.
Дээрх хугацаанд 512 хуулийн этгээд, 225.759 хүн Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээсэн. Үүнээс 77.7 хувь нь эрэгтэй, 22.2 хувь нь эмэгтэй, 64.2 хувь нь 26-45 насныхан байна.
Зөрчлийн хэргийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд 25.9 тэрбум төгрөгийн хохирол учирч, үүнээс 1.7 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ.
Хоёрдугаар сард гэр бүлийн хүчирхийлэл, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зэрэг зонхилон үйлдэгддэг зөрчлийн хэргүүдийн гаралт буурсан байна. Тодруулбал:
- Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүйгээр, эсхүл гар дээрээс согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн зөрчил 60.5 хувиар,
- Хулгайлах зөрчил 29.2 хувиар,
- Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан зөрчил 18 хувиар,
- Гэр бүлийн харилцаатай хүнийг зодсон зөрчил 12.2 хувиар,
- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 15.7 хувиар,
- Олон нийтийн газарт, эсхүл орон байранд хэрүүл маргаан үүсгэж танхайрсан зөрчил 12.3 хувиар,
- Согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн зөрчил 9.2 хувиар тус тус буурчээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба